800 жилийн түүхтэй Лондон хотын түүхэн захыг хаана
Анд нөхдийн мэдээ
2024-12-02
Английн Лондон хотын 800 жилийн түүхтэй "Смитфилд" зах хаагдав. Олон зуун жилийн өмнө энд цаазын газар байсан бөгөөд “Braveheart” киноны дүрээр алдаршсан Шотландын дайчин Уильям Уоллесыг эх орноосоо урвасан хэргээр цаазалж, мөн шашны шинэчлэлийн үеэр олон санваартныг шатааж байжээ. Зохиолч Чарльз Диккенс эндэх газрыг “Oliver Twist” зохиолдоо “Шавар шавхай нь хөлийн шагайгаар татдаг” хэмээн дурдсан байдаг аж. “The Guardian” сонины мэдээлснээр "Смитфилд" захыг удирддаг Лондон хотын захиргаа мах, загасны худалдааны нэг төвлөрөл болж ирсэн уг газрыг хаах болсноо мэдэгджээ. Саяхан болтол энэ захыг Лондонгийн зүүн зах руу нүүлгэхэд 1 тэрбум паунд зарцуулахаар яригдаж байсан ч барилгын материалын үнэ өссөн зэрэг шалтгаанаар хойшлоод байсан бөгөөд хотын захиргаа захын худалдаачдад нөхөн олговор олгохоор төлөвлөж байна. "Смитфилд" зах нь 800 гаруй жилийн түүхтэй бөгөөд анх 1327 онд энд зах ажиллуулах зөвшөөрөл албан ёсоор олгожээ. Хотын төвд байдаг цорын ганц уламжлалт зах, түүхэн газар учраас хаах шийдвэрийг зарим хүмүүс эсэргүүцэж байна. Хотын захиргаа энд Лондонгийн музей зэрэг соёлын цогцолбор, мөн орон сууцны хороолол барихаар төлөвлөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.