Дэлхийн хамгийн цэвэрхэн хотыг хэн, хэрхэн нотлов?
Анд нөхдийн мэдээ
2024-12-02
Энэтхэгийн нөлөөлөгч бүсгүй Японы Токио хотын гудамжаар цав цагаан оймстой алхан гудамжны цэвэр байдлыг шалгаж үзжээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Инстаграмд 1.4 сая орчим дагагчтай Симран Балар Жайн хэмээх бүсгүй Токиод хийсэн бичлэгээ Instagram хуудсандаа нийтэлж "Дэлхийн хамгийн цэвэрхэн хот" гэж нэрлэсэн байна. Аялал жуулчлал, гоо сайхны контент голчлон бэлтгэдэг түүний нийтэлсэн бичлэгийг 26 сая хүн үзсэн бөгөөд тэрбээр “Би шинэ оймс авч өмсүүтээ Токио хотын гудамжинд гарсан” хэмээн тайлбарлаад, огт бохирдоогүй цэвэрхэн оймсоо харуулжээ. Бичлэгт цагаан оймс өмссөн бүсгүй Токиогийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар алхаж, явган хүний зам, явган хүний гарц гээд хаа сайгүй нэлээд явсны эцэст оймсныхоо улыг камерт харуулахад оймс нь бараг бохирдоогүй, цагаан хэвээрээ байжээ.
Зөвлөх үйлчилгээний “Mercer Eco-Cities” фирм 2023 онд Токио хотыг дэлхийн хамгийн цэвэрхэн хотоор нэрлэж байсан. Япон нь цэвэр гудамж, хог хаягдлын үр ашигтай менежментийн системээрээ алдартай бөгөөд цэвэр цэмцгэр байдал, эрүүл ахуйн дэг журам, сахилга баттай байх соёлыг ягштал мөрддөг. Токио хотын гудамжинд нийтийн хогийн сав маш цөөхөн байдаг тул иргэд хогоо гэртээ аваачиж хаядаг. Гудамжинд хог хаявал 5 жил хүртэл хорих ял, эсвэл 10 сая иенийн торгууль ногдуулдаг журамтай. Цэвэрч байдлын энэ соёл нь боловсролын системд ч туссан байдаг. Сурагчид бага ангид байхаасаа эхлэн хичээлийн танхимаа цэвэрлэдэг бөгөөд энэ соёл нь шашны уламжлалтай холбоотой, ариусгал, бясалгалын зан үйлийн чухал хэсэг хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.