images

Хятад: Үхлийн цөлд ногоон хэрэм байгуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-29


   Хятад улсын хамгийн том, дэлхийд хоёрдугаарт ордог Такламакан цөлд мод тарьж ойжуулах төслийг хэрэгжүүлж дууссан тухай Хонконгийн South China Morning Post сонин мэдээлэв. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нутагт байх тус цөлд мод тарьж ойжуулахаас гадна төрөл бүрийн ургамал тарьж нутагшуулсан бөгөөд 3046 км тойрог бүхий дугуй хэлбэрийн ногоон бүсийн ажлыг өчигдөр эцсийн байдлаар дуусгасан байна. Үүнээс 2761 км хиймэл ойг бий болгоход 40 жил зарцуулсан бөгөөд үлдсэн 285 км хэсгийн ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд 600 мянган цэргийн албан хаагч энэ төсөл дээр ажиллаж улиас, улаан бургас тарьжээ. Цөлийн эргэн тойронд хиймэл ой бий болгосноор элсний нүүдлийг сааруулж, экосистемийг хамгаалж буй бөгөөд удахгүй төмөр зам, авто зам зэрэг дэд бүтэц бий болгоно гэж албаны хүн мэдэгдсэн байна. Мөн эмийн ургамал тариалах зэргээр эдийн засгийн үр өгөөж хүртэхийг зорьж байгаа аж. Өнгөрсөн сард тус улсын “Sanxia Industrial Group” компани Такламаканд 8.5 ГВт нарны эрчим хүч, 4 ГВт салхины эрчим хүч нийлүүлэхээр болсон байна. Герман улсын газар нутагтай дүйцэх хэмжээний талбай эзэлдэг энэ цөлийн 85 хувь нь нүүдлийн элсэн манхан бөгөөд хүрээлэн буй орчны хатуу ширүүн онцлогоор нь "Үхлийн тэнгис" гэж нэрлэдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.