images

Орос, Украины хооронд цэрэггүй бүс байгуулагдах уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-29


   АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “America First” (AFPI) хүрээлэнгийн Аюулгүй байдлын төвийн захирал Кит Келлоггийг Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элчээр томилсноо зарлав. Энэ албан тушаал бол Д.Трампын баримталж ирсэн энхийн хэлэлцээрээр дайныг нэн даруй зогсоох бодлогыг хэрэгжүүлэх алба юм. Армийн дэслэгч генерал цолтой К.Келлогг Д.Трампын засаглалын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан, Д.Трамптай онцгой дотно харилцаатай нэгэн юм. Дараа нь тэрбээр Д.Трампын үүсгэн байгуулсан AFPI хүрээлэнд ажиллаж байхдаа “Америк нэгдүгээрт” хэмээх зарчимд суурилсан аюулгүй байдлын стратеги боловсруулжээ. Энэ зарчмаа өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан “Америк нэгдүгээрт, цаашлаад Орос, Украин” тайланд товч тусгаж, уг тайланд үндэслэн Украины дайныг зогсоох төлөвлөгөө боловсруулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Д.Трампад өргөн барьсан юм. Түүний төлөвлөгөөний гол зарчмаар бол энхийн хэлэлцээ хийж дайныг аль болох хурдан зогсоох нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэх бөгөөд үүний тулд Украин улс Орост эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авах зорилгоосоо татгалзах, мөн НАТО-д элсэх бодлогоосоо бас татгалзах ёстой. Өөрөөр хэлбэл, дайн эхэлснээс хойш В.Путины энхийн хэлэлцээ хийх нөхцөл болгон тавьж ирсэн хоёр үндсэн шаардлагыг биелүүлнэ гэсэн үг. Хэрэв Украин эсэргүүцвэл зэвсэг, санхүүгийн дэмжлэгээ таслах замаар шахалт үзүүлэх ажээ. Улмаар дайныг дуусгах энхийн хэлэлцээ хийж хоёр улсын хилийн хооронд хэдэн километрийн өргөнтэй цэрэггүй дундын бүс байгуулан НАТО-гийн цэргүүдээр хамгаалуулах төлөвлөгөө багтсан байна. Энэ нь 1953 онд байгуулсан Умард болон Өмнөд Солонгосын дундах цэрэггүй бүс (DMZ) маягийн байх ажээ. Сүүлийн өдрүүдэд Украин болон Барууны орнуудын эсрэг цөмийн болон пуужингийн аюул нэмэгдсээр байна. Казахстанд айлчилж буй В.Путин Украины нийслэл Киев хотыг Оросын шинэ хэт авианы "Орешник" пуужингаар бөмбөгдөх талаар бодож байгаагаа мэдэгдэв. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Одоогийн байдлаар цохилт өгөх бай нь цэргийн байгууламж, батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн байгууламж, мөн Киев дахь гол баазууд байх болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.