Улаанбадрах сумын малын махыг идэж үзүүлэхээ амлав
Чихэнд чимэгтэй
2024-11-28
“Youtube” дэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од мөндөр” сувгийн үүсгэн байгуулагч, хөтлөгч Г.Занданхүү уранд мал нь хордсон гэгддэг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очин тэндхийн малын махыг идэж үзүүлнэ хэмээн “Фэйсбүүк” хуудсаараа зарлалаа. Түүний мэдэгдсэнээр “Од мөндөр” сувгийнхан ирэх зун тус суманд очихоор төлөвлөсөн бөгөөд “Мах идэж үзүүлнэ. Хордож үхэхийг маань хүлээж байгаарай. Бид хамтдаа байвал ямар хүчтэйг, шинжлэх ухаан танин мэдэхүй улс оронд ямар хэрэгтэйг харуулахыг зорьж байхад харин ч сайхан завшаантай хэрэг болов” хэмээн Г.Занданхүү бичжээ. “Бадрах энержи” компани ураны хайгуул, судалгаа хийж буй Улаанбадрах суманд уг үйл ажиллагаанаас үүдэн мал хордож буй гэх яриа олон нийтийн дунд сүүлийн хэдэн жил өрнөсөн боловч хордсоныг албан ёсоор нотолсон зүйл хараахан үгүй байгаа юм. Тус суман дахь Зөөвч овоо ураны ордод Францын "Арева майнз" компани 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2017 онд Монгол улсын төрийн өмчит "Мон-Атом" компани 34 хувийг нь эзэмших болсноор хамтарсан компани болгон нэрээ “Бадрах энержи” хэмээн өөрчилсөн билээ. 93.2 мянган тоннын батлагдсан нөөцтэй уг ордод одоо ураны үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил явагдаж байгаа юм.
Дашрамд дурдахад, “Од мөндөр” сувгийнхан хөдөө, орон нутагт шинжлэх ухаан, танин мэдэхүйг түгээн дэлгэрүүлэх “Дээлтэй аялал” төслийг “Эх орноо гэрэлтүүлье” уриатайгаар эхлүүлж буйгаа мөн өнөөдөр зарласан байна. Төслийн анхны аяныг ирэх 12 дугаар сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулах бөгөөд түүхч, археологич А.Маратхаан, урлаг судлаач М.Аминаа, сэтгэл судлаач Ш.Доржханд, хавдрын эмч Б.Бат-Эрдэнэ, компьютерийн шинжлэх ухаанч М.Хасчулуу нар лекц унших ажээ.
Гэрэл зургийг Zandaa Goosh Фэйсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
зочин
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчийн үлгэр болж дээ. Хор нөлөө нь удаан хугацаанд генийн түвшинд явагдахаас идэнгүүт нь үхүүлдэг хор биш шүү дээ.
2024-11-28
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.