images

Украины улс төрч Д.Трампыг Нобелийн шагналд дэвшүүлэх санал гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-28


   Украины эрх баригч намын гишүүн Олександр Мерезко АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампыг 2025 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр Норвегийн Нобелийн хороонд санал болгосон захидал илгээсэн тухай тус улсын “Channel 24” сайт мэдээлэв. Тэрбээр "Д.Трамп дэлхийн энх тайвны төлөө асар их хувь нэмэр оруулсан, цаашид ч илүү ихийг хийж чадна" гэж тодотгосон байна. Улмаар Д.Трампыг ерөнхийлөгч байхад АНУ-аас Украинд танк эсэргүүцэгч экспортолж байсныг дурдаж "Зэвсэг нийлүүлэх чиглэлээр олон улсын манлайллаа харуулснаараа өнөөгийн Украиныг дэмжигч олон улсын эвслийн үндэс суурийг тавьсан" гэжээ. Мөн Абрахамын хэлэлцээрийг үндэслэл болгон дурдсан бөгөөд энэ нь 2020 оны есдүгээр сард АНУ-ын зуучлалаар Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс, Израиль зэрэг Арабын орнуудын хооронд байгуулсан гэрээ юм. Харин О.Мерезко Украины орон нутгийн хэвлэлд жинхэнэ санаа зорилгоо илчилж "Би Д.Трампын анхаарлыг татаж, Украиныг оршин тогтноход туслах боломж болгон ашиглахыг хүсч байна" гэжээ. Өмнө нь “Washington Post” сонин мэдээлэхдээ, Украины улс төрч, бизнесмэнүүд тус улсын байгалийн баялаг болох байгалийн хий, литийг санал болгон Д.Трампыг ятгаж байна гэсэн юм. Үүнийг Д.Трампын ашиг орлого, гүйлгээг үнэлэх хандлагыг ашиглан Украинд цэргийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэх нь буяны төсөл биш, харин эдийн засгийн боломж гэдгийг ойлгуулах оролдлого гэж шинжээчид дүгнэж байна. Харин Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг даруй зогсооно гэж амласан боловч төрийн эрхэнд гараад цэрэг зэвсгийн одоогийн дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх нь эргэлзээтэй байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.