“Харри Поттер” цувралын зохиолч цагдаагийн газраас гаргасан журмыг эсэргүүцэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-28
Их Британийн Замын цагдаагийн газар трансжендер эмэгтэй хүнийг нүцгэлж нэгжлэг хийхийг зөвшөөрсөн журам гаргасантай холбогдуулан “Харри Поттер” цувралын зохиолч хатагтай Ж.К.Роулинг эсэргүүцэл илэрхийлэв. “White Ribbon Day” буюу эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах өдрөөр Замын цагдаагийн газар цахим хуудсандаа “Өнөөдөр охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөх Цагаан туузны өдөр. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Ийм бусармаг зүйлтэй таарвал бидэнд мэдэгдээрэй” гэсэн уриалга гаргасныг зохиолч бүсгүй цахим хуудсандаа нийтэлж хариу хэлэхдээ "Ямар гээчийн тохуурхал вэ? Та бүхэн дөнгөж саяхан эмэгтэйчүүдийг нүцгэлэхийг зөвшөөрсөн удирдамж гаргасан биш билүү?" гэж шүүмжилсэн байна. Улмаар цагдаагийн газраас гаргасан удирдамж болон дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Цагаан туузны өдрийн кампанит ажлын сурталчилгааг шүүмжилж “утгагүй зүйл” гэжээ. Харин цагдаагийн газраас үүнд тайлбар хийж “Төрсний гэрчилгээ эсвэл хүйс солиулсан гэрчилгээнд үндэслэн ижил хүйсийн хүн нэгжлэг хийж болохоор журамд тусгасан” гэжээ. Нөгөө талаар Их Британи улс даяар дээрх удирдамжийг тойрсон маргаан үргэлжилсээр байна. Тухайлбал чөлөөнд гарсан цагдаагийн дарга асан, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сүлжээний идэвхтэй гишүүн Кэти Лачман уг удирдамжийг хатуу шүүмжилж "Төрөөс зөвшөөрсөн бэлгийн хүчирхийлэл" гэж нэрлэжээ. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газар иргэд зөвшөөрөөгүй тохиолдолд ийм нэгжлэг хийхгүй гэсэн тайлбар хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.