images

Хятад: Хүн амын тоо буурч байгааг онцгой анхаарах ёстой

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-25


   Хятадын эрүүл мэндийн үндэсний комиссын дэргэдэх Хүн амын хөгжлийн судалгааны төвийн захирал Хэо Дан “Хүн ам ба эрүүл мэнд” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд хүн амын тоо буурч буй асуудалд анхаарлаа хандуулах ёстойг онцлон дурджээ. Улмаар Төв Азийн орнуудын хүн ам хурдацтай өсч, хятад цагаачдыг идэвхтэй татаж байгаа энэ цаг үед эдгээр улстай хиллэдэг тус улсын хүн амын тоо тодорхой хэмжээгээр буурч байгааг анхааруулсан байна. Тухайлбал, Казахстантай хил залгаа оршдог Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Алаг уул хот нь тус орны хуурай замын ачаа тээврийн тал орчим хувийг эзэлдэг ч хотын хүн ам ердөө 17 мянга, үүнээс 3400 орчим хүн байнга оршин суудаг ажээ. Хятад, Оросын хил дээр орших Манжуур хотод ч мөн ижил нөхцөл байдал ажиглагдаж байна. Манжуур нь Хятадын Оростой хийж буй хуурай газрын худалдааны 60 хувийг бүрдүүлдэг бөгөөд 2020 онд 128,900 хүн амтай байсан бол 2023 онд 88 мянга болж буурчээ. Мөн Шинжаан-Уйгар, Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг хязгаар нутгийн 40 хошууны дийлэнх нь 200 мянга хүрэхгүй хүн амтай гэсэн судалгаа гарсан байна. Энэ тухайд Хэо Дан "Хилийн хотуудын экосистем эмзэг, амьдрах орчин, эдийн засгийн дэд бүтэц хөгжөөгүй, цөлжилт, усны хомсдол зэрэг хатуу ширүүн орчин нөхцөл хүн ам буурахад онцгой нөлөөлж байна” гэжээ. Тиймээс Засгийн газар хүн амын аюулгүй байдлын талаарх ойлголтоо өөрчилж, хил орчмын бүс нутгийн хүн амын асуудлыг үндэсний батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын бодлогын бүтцэд нэгтгэх ёстойг онцолсон байна. Хятадын хүн ам сүүлийн хоёр жил дараалан буурч, өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоо 9 сая 200 мянга болсон нь 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойшх хамгийн бага үзүүлэлт ажээ. Өнгөрсөн онд тус улсын хэмжээнд төрөлтийн түвшин 1.0 хувь болсон нь гурваас дээш хувийн үзүүлэлттэй Төв Азийн орнуудаас гурав дахин бага байгааг “South China Morning Post” сонин онцолсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.