Дэлхийн хамгийн өндөр, хамгийн намхан хоёр бүсгүй уулзав
Анд нөхдийн мэдээ
2024-11-25
Гиннесийн дээд амжилтын өдрийг тохиолдуулан дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр эмэгтэйг уулзуулснаа Гиннесийн амжилтын ном (GWR) мэдээллээ. GWR дэлхийн хамгийн өндөр эмэгтэйгээр 215.16 см өндөртэй, 27 настай Туркийн иргэн Румейса Гельги, хамгийн намхан эмэгтэйгээр Энэтхэгийн жүжигчин 30 настай, 62.8 см өндөртэй Жиоти Амжи нарыг тодруулсан бөгөөд тэднийг Лондон дахь "Savoy" зочид буудалд уулзуулсан байна. Хоёр бүсгүй хамтдаа цай ууж, өдөр тутмын аж амьдралынхаа тухай хөөрөлдөж, цагийг сайхан өнгөрүүлсэн тухай GWR мэдээлэв. Ж.Амжи дэлхийн хамгийн өндөр эмэгтэйтэй уулзсан тухайгаа "Тэр үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй юм. Би өөрөөсөө өндөр хүмүүс рүү харж дассан ч дэлхийн хамгийн өндөр эмэгтэйг хараад маш ихээр сэтгэл хөдөлсөн” гэжээ. Р.Гельги анх 2021 онд дэлхийн хамгийн өндөр эмэгтэйгээр тодорсон бөгөөд тэр цагаас хойш энэ амжилт эвдэгдээгүй байна. Харин Ж.Амжи 2011 онд дэлхийн хамгийн намхан эмэгтэйгээр шалгарсан юм. Тэрбээр нүүр будалт, хувцас загварын чиглэлээр идэвхтэй ажилладаг төдийгүй Америкийн "American Horror Story" олон ангит кинонд тогложээ. Уулзалтын үеэр GWR-ийн ерөнхий редактор Крэйг Гленди хоёр бүсгүйд Гиннесийн дээд амжилтын гэрчилгээ гардуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.