images

Ши Жиньпиний өрсөлдөгчийн хүү Тайваньд иржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-22


   БНХАУ-ын дарга Ши Жиньпиний улс төрийн өрсөлдөгч гэгдэж байсан, Чунцин хотын намын хорооны дарга асан Бо Шилайн хүү Тайваньд очсон тухай "Reuters" агентлаг мэдээлэв. Тайванийн Эх газрын Хятадын хэрэг эрхлэх газар энэ талаар мэдэгдэхдээ "Бо Шилайн хүү Бо Гуагуа Тайванийн иргэнтэй гэрлэж, холбогдох журмын дагуу манай улсад нэвтрэх хүсэлт гаргасан” гэжээ. Улмаар ийм төрлийн буюу гэр бүлийн асуудал хүмүүсийн харилцаанд түгээмэл байдаг тул өргөдлийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болохоо мэдэгдэв. Өмнө нь Тайванийн хэвлэлүүд Бо Гуагуаг тайвань бүсгүйтэй гэрлэхээр өнгөрсөн долоо хоногт Тайбэйд ирсэн хэмээн мэдээлж байсан ч Тайванийн Засгийн газар түүнийг, ирэхээсээ өмнө гадаад улсад гэрлэсэн хэмээн залруулсан байна. Бо Гуагуагийн эцэг Бо Шилай нь Хятадын хувьсгалын нэг удирдагч Бо Ибогийн хүү бөгөөд нэгэн цагт Хятадын ирээдүйн төрийн тэргүүн гэгдэж, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ши Жиньпинтэй зөрчилдөж байсан юм. Улмаар 2012 онд авлигын хэргээр албан тушаалаасаа буусны дараа бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлж, өдгөө Бээжингийн Чинчен шоронд хоригдож байгаа билээ. Эдүгээ 37 настай Бо Гуагуа 1998 онд Оксфордын их сургуульд суралцахаар Их Британийг зорьж, 2012 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедийн сургуулийг төгссөн ажээ. Хэдэн жилийн өмнө түүнийг Канадын нэгэн компанид шинжээчээр ажилладаг гэх мэдээлэл хэвлэлд гарч байсан юм.

Нүүр зураг: Бо Шилай эхнэр, хүүгийн хамт.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.