Англи хэлний энэ оны онцлох үгээр manifest гэдэг үгийг тодруулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-22
Их Британийн Кэмбрижийн их сургуулийн хэвлэлийн газраас гаргасан Кэмбрижийн толь бичиг эерэг байдлын утга илэрхийлдэг manifest хэмээх англи үгийг 2024 оны онцлох үгээр шалгаруулсан тухай CNN мэдээлэв. Энэ үг нь хүн хүссэн зүйлээ төсөөлж, биелэх талаар нь эерэгээр бодож байвал биелэх магадлалтай байдаг гэсэн итгэл үнэмшлийг илэрхийлдэг ажээ. Уг үгийн толь бичгийн утга нь "тодорхой харуулах", "илчлэх" гэсэн утгатай. Латин, франц хэлнээс гаралтай энэ үг анхандаа "амархан харагдахуйц, илэрхий зүйл" гэсэн утгатай байгаад аажимдаа "ямар нэгэн зүйлийг тодорхой харуулах" гэсэн утга бүхий үйл үг болжээ. Улмаар ХХ зууны эхэн үеэс "санаатай эсвэл санамсаргүй байдлаар ямар нэг зүйлийг өөртөө шингээж, ухамсарлах" гэсэн утгатай болсон байна. Тэгвэл саяхан поп од Дуа Липа, Америкийн гимнастикч Симоне Билз зэрэг алдартнууд энэ үгийг эерэг сэтгэлгээ гэсэн утгаар хэрэглэж эхэлсэн бөгөөд үүнээс улбаалан TikTok зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга давтагдах болжээ. Дуа Липа өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагадаа "Би хөгжим бүтээж эхэлснээсээ хойш “Glastonbury Festival” наадамд түрүүлэхийг мөрөөдөж, дуу бичих болгондоо энэ тухай боддог байсан. Мөрөөдөл маань биелэлээ олсон" гэжээ. Харин С.Билз мөн ярилцлагадаа "Зорилгуудаа өдөр бүр бичиж, чангаар хэлж, харж байх ёстой. Ингэвэл ихэвчлэн биелдэг" гэсэн байна. Manifest гэдэг үгийг цахим толь бичигт 130 мянган удаа хайснаар энэ оны хамгийн эрэлттэй үг болсныг Кэмбрижийн толь бичгийн хэвлэлийн алба онцолжээ. Тус албаны менежер Вэндлин Николлс хэлэхдээ manifest гэдэг үгийн хайлт илэрхий нэмэгдэж, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглах нь мэдэгдэхүйц олширсноос гадна цаг хугацааны явцад үгийн утга хэрхэн өөрчлөгдөж болдгийг харуулсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.