images

Төрийн банкны ажилтнууд "Зүрх мартахгүй" төсөлд 50 сая төгрөг хандивлалаа

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-11-21


   Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкны хамт олон үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо угтан 4000 гаруй ажилтныхаа дунд “Өгөх өдөр” хандивын аяныг зохион байгуулж цугларсан 50.555.000 төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлалаа. Тэдний амьдрал бэлэглэсэн бяцхан зүрхнүүдийн нэг төлөөлөл нь П.Дөлгөөнзаяа охин юм. “Зүрх мартахгүй” төслийн баг Баянхонгор аймагт үзлэг хийхээр очих үед П.Дөлгөөнзаяа охин яаралтай хагалгаанд орох заалттайгаар энэ оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод ирж эмчлүүлсэн юм. Дэлхий дахинд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд 1000 орчим төрдөг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь бүрэн эмчлэгдэх боломжтойгоос гадна яаралтай мэс засалд орох шаардлагатай байдаг. “Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн багийнхан Монгол орны өнцөг булан бүрд төдийгүй ОХУ, Тува, Афганистаны төрөлхийн зүрхний гажигтай хүмүүсийг үзлэгт хамруулан шаардлагатай тохиолдолд хагалгаанд оруулсан бөгөөд нийгмийн сайн сайхны төлөөх уг ажил олон улсад цар хүрээгээ тэлсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар тэд дотооддоо болон хилийн чанадад 90 мянган километр замыг туулан  40322 хүнд эмчийн үзлэг үнэгүй хийж, нийт 1280 гаруй зүрхийг амьдруулаад байна. 

   Банк санхүүгийн салбарынхан тэр дундаа Төрийн банкны хамт олон өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 онд “Зүрх мартахгүй” төсөлд хандив өгч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулж байсан бол энэ удаа 15 жилийн ойгоо тохиолдуулан орон даяарх салбар нэгжийн бүх ажилтан тус аянд оролцсоноороо онцлог болжээ. Мөн сонирхуулахад, Төрийн банк 2022 оноос “Эрүүл иргэн” хадгаламж, картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах дадалд суралцуулах зорилго тавин ажиллаж буй. Цаашид тогтвортой хөгжлийн томоохон зорилтуудын нэг болох эрүүл мэндийг дэмжих, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэн бий болгох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санаачлан зохион байгуулах олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.