images

“The Washington Post” сонины алдартай нэгэн зургийн түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-21


   Одоогоос 50 жилийн өмнө буюу 1974 оны долоодугаар сарын 19-ний өглөө эрт Вашингтон хотын төвийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 12 хүн ширээ тойрон суугаад өглөөний цай ууж буй дүр зураг “The Washington Post сонины гэрэл зургийн сурвалжлагч Харри Налчаяны дуранд буужээ. Маргааш өглөө нь уг зураг тус сонины тэргүүн нүүрэнд “On the Mall: Breakfast for 12 People At Dawn гарчигтайгаар томоор нийтлэгдэж олны сонирхол татав. Энэ зураг хожим нь Нил Армстронгийн саран дээр бууж буй хором, Мартин Лютер Кинг үг хэлж буй, ерөнхийлөгч Рональд Рейганы тангараг өргөх ёслолын гэрэл зургийн нэгэн адил орчин үеийн Америкийн түүхэн зургуудын нэг болж алдаршсан байна. Олон жилийн дараа энэ зургийг дахин амилуулж, алдаршуулсан хүн бол Х.Налчаяны охин Жойс Налчаян Богосян ажээ. Тэрбээр багаасаа аавыгаа даган гэрэл зураг авсаар энэ мэргэжилд татагдан мөн гэрэл зургийн сурвалжлагч болж, эцэгтэйгээ мөр зэрэгцэн хээр хөдөө, хот тосгодоор явж дуртай ажлаа хийх болсон байна. Тэрбээр 1994 онд өөд болсон эцгийнхээ эд зүйлсийг ангилж байхдаа дээрх зургийг олж олонд хүргэсэн бөгөөд хүмүүстэй уулзалт хийх, лекц унших болгондоо аавынхаа авсан энэ зургийг дэлгэн үзүүлдэг болсон байна. Өнгөрсөн оны эхээр тэрбээр өндөр настнуудад туслах байгууллагын урилгаар Вашингтон хотод лекц уншиж явахдаа нэгэн цахим шуудан хүлээн авсан нь 50 жилийн өмнө аавынх нь дарсан алдартай зурагт өглөөний цай ууж суусан хүмүүсийн нэгнээс ирсэн байв. Эдүгээ 78 настай, Дороти Уэлэн хэмээх тэр хүн зурагт буусан үйл явдлын сонирхолтой бөгөөд сэтгэл хөдлөм түүх, найзуудын нөхөрлөлийн тухай түүнд өгүүлжээ. 

   Хорь гаруй насны тэдгээр залуус Холбооны засгийн газарт ажилладаг байсан бөгөөд ажил хэргийн шугамаар дотносон танилцаад хамтдаа тоглож, гадуур зугаалдаг болжээ. Гэтэл тэдний нэг Жанет Харли хэмээх бүсгүй 27 насандаа хөхний хорт хавдар туссан байна. Ингээд найзууд нь Ж.Харлигийн 28 насны төрсөн өдөрт зориулан гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Хэдхэн хоногийн өмнө тухайн үеийн ерөнхийлөгч Ричард Никсоны хувийн нарийн бичгийн дарга Розмари Вүүдс National Mall” цэцэрлэгт хүрээлэнд зугаалан оргилуун дарс ууж буй зургаа авахуулсан байсныг нэг нь санаж, тус цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагатай уулзан тэнд хооллож, оргилуун дарс уух зөвшөөрөл авч чадсан байна. Уг нь тэнд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог ч найз залуус өөрсдийгөө сайтар ойлгуулж онцгой зөвшөөрөл авч чаджээ. Тэд чавхдаст хөгжмийн хамтлаг урьж, өглөөний 5 цагт Ж.Харлиг сэрээгээд, урьдчилж бэлдсэн хувцас өмсгөв. Ахлах сургуулийн төгсөлтийн баяр дээр өмсөж байсан тэр хувцсыг өөрт нь хэлэлгүй, ээжээс нь авсан нь тэр байжээ. Учрыг ойлгоогүй Ж.Харли найзуудынхаа хүсэлтээр хувцсаа өмсөн гарч ирэхэд гадаа найз залуу Уэсли Уильям нь сүйх тэрэгтэй хүлээж байв. Ингээд өглөөний 7 цагтNational Mall-ын усан сангийн өмнө зассан ширээний ард арван хоёулаа мөр зэрэгцэн суув. Ширээний хойморт Ж.Харлийг суулгажээ. Өглөөний манан дунд ширээнээ гоёмсог лаа асааж, хоёр зөөгч хулд загас, хясаа, түрс, гүзээлзгэнэ, дани талх зэрэг олон төрлийн амттанаар үйлчлэн байхад өглөө эрт ажилдаа явж байсан хүмүүс тэднийг сониучирхан харж байв гэнэ. Ёслолын нийт зардал 2000 гаруй доллар болсон бөгөөд өнөөгийн ханшаар бол арав гаруй мянган доллар болно гэдгийг Washington Post сонин тэмдэглэжээ. Өглөөний 9:30 цагт ёслол дууссанаар бүгд гэртээ харьж хувцсаа солин ажил төрөлдөө шамдсан байна. Энэ түүхийг ярьсан Дороти Уэлэн "Би маш их сэтгэл хөдөлсөндөө тэр өглөө хоолоо ч олигтой идэж чадаагүй" гэжээ.

   Тэдгээр залуусын амьдрал ч ер бусын юм. Тухайн үед тэнд байсан, хожим Алабама мужид африк гаралтай иргэдийн эрхийн төлөө тэмцэж явсан Хилтон Фостер хэмээх бүсгүй энэ түүхийг өгүүлэгч Д.Уэлэнтэй гэрлэн биржийн хуульч болжээ. Тэд өөд болсон найзыгаа дурсаж, охиндоо Жанет Харли гэдэг нэр өгсөн байна. Ж.Харлитай хамт ажилладаг байсан дотнын найз Бергер нь шоронгийн хоригдлуудад боловсрол олгохын төлөө үйлсэд бүх амьдралаа зориулжээ. Өөр нэг найз нь харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үйлсэд насаараа зүтгэсэн байна. Ж.Харлийг сүйх тэргээр залж байсан найз залуу Коллинз нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд хуульчаар ажиллаж байгаад 2012 онд өөд болжээ. Харин Жанет Харли 1982 оны дөрөвдүгээр сард 35 насандаа нас барсан юм. Тэрбээр Боловсролын яаманд эмэгтэйчүүдийг боловсролоор ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байжээ. Тэдгээр арван хоёр хүний зургаа нь эдүгээ амьд сэрүүн байгаа бөгөөд дал гаруй насыг насалсан тэд өнгөрөгч долоодугаар сарын 21-ний өдөр алдартай зурагт мөнхөрсөн залуу насаа дурсан “National Mall” цэцэрлэгт хүрээлэнд ширээ засуулан дахин нэг удаа хоолложээ. Тэд 50 жилийн өмнө сууж байсан эрэмбээрээ суусан төдийгүй Жэйн Найберт хэмээх эр 50 жилийн өмнө өмсөж байсан яг тэр хувцсаа өмссөн байна. Нэг цаг үргэлжилсэн уулзалт өндөрлөхөд тэд гэртээ харилгүй ойролцоох ресторанд орж хооллон, тэнд байсан хүмүүсийг хүндэтгэн оргилуун дарсаар дайлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.