АНУ: Илон Маск төрийн албан хаагчдыг цомхотгохоо мэдэгдэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-21
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын кабинетэд Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хорооны (DOGE) даргаар сонгогдсон Илон Маск болон бизнесмэн Вивек Рамасвами нар “Wall Street Journal” сэтгүүлд нийтлүүлсэн хамтын нийтлэлдээ, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буй төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, албан хаагчдын тоог эрс цөөрүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэд “Хүнд суртал нь манай улсад улам бүр өсөн нэмэгдэж буй аюул бөгөөд улстөрчид үүнийг өөгшүүлсээр байна” гээд, хүнд суртлыг бууруулах, захиргааны олон шат дамжлагыг багасгах, зардлыг бууруулах гурван том шинэчлэлийг хийнэ гэдгээ мэдэгджээ. Улмаар төрийн албан хаагчдын тоог цөөлөхийн тулд эхлээд зайнаас ажилладаг явдлыг зогсоохоор төлөвлөж буйгаа хэлсэн байна. Холбооны засгийн газрын албан хаагчид цар тахлын хорио дууссан ч долоо хоногт 2-3 удаа албан ажилдаа биечлэн ирж, үлдсэн хугацаанд зайнаас ажиллаж байгаа ажээ. И.Маск, В.Рамасвами нар жил бүр 500 гаруй тэрбум долларыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр, эсвэл Конгрессоос төлөвлөөгүй зорилгоор зарцуулдаг болохыг шүүмжлээд, ийм үргүй зардлыг эцэс болгохоо мэдэгдсэн байна. Түүнээс гадна Холбооны засгийн газрын гэрээ, худалдан авалтад томоохон хэмжээний аудит хийнэ гэдгээ онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.