images

Шинэ Зеланд: Уугуул омгийнхон парламентын танхимд бүжиг хийж эсэргүүцлээ илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-19


   Шинэ Зеландын парламент дахь маори омгийн төлөөлөгчид хуралдааны танхимд хака хэмээх уламжлалт бүжгээ бүжиглэн эсэргүүцэл илэрхийлэв. Тодруулбал, маоричуудын эрхийг баталгаажуулсан Вайтангийн гэрээг дахин тайлбарлах хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр маоричуудын намын гишүүн Хана-Равити Майпи-Кларк суудлаасаа босч, хуулийн төслийг урж хаян уламжлалт бүжиг бүжиглэж эхлэхэд намын бусад гишүүд даган бүжиглэснээр танхимд эмх замбараагүй байдал үүсчээ. Улмаар парламентын дарга Гари Браунли хуралдааныг завсарлуулж, гишүүн Х.Майпи-Кларкийн хуралд оролцох эрхийг 24 цагаар хассан байна. Хака бүжиг нь уугуул маори дайчдын урам зоригийг сэргээх зорилгоор хийдэг уламжлалт зан үйл бөгөөд эдүгээ Шинэ Зеландын бэлгэ тэмдэг болж, хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт эхлэхийн өмнө уг бүжгийг бүжиглэдэг болжээ. Хуулийн төсөлд дурдагдсан Вайтангийн гэрээ нь 1840 онд Их Британи болон маори иргэдийн хооронд байгуулсан, Их Британи улс тэднийг ноёрхож байсныхаа хариуд тодорхой газар нутаг, соёлын эрхийг баталгаажуулж өгсөн гэрээ юм. Хуулийн төслийг санаачилсан баруун жигүүрийн ACT намын тэргүүн Дэвид Сеймур энэхүү гэрээнд заасан зарчмууд тодорхой бус, маори хүмүүст шинэ зеландчуудаас давуу эрх олгосон байдаг тул агуулгыг нь нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэж үзжээ. Хуулийн төслийг эсэргүүцэгчид маори иргэдэд тусгайлан олгосон газар, тэдний соёлыг хамгаалах заалтыг хасах гэж байна хэмээн эсэргүүцэж байгаа аж. Маори омгоос гаралтай Х.Майпи-Кларк өнгөрсөн 12 дугаар сард, маори хэлийг үл ойшоож буйг эсэргүүцэн мөн хака бүжиг бүжиглэсэн нь олон улсын анхаарлыг татаж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.