images

АНУ-д суралцаж буй гадаад оюутны тоогоор Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-19


   Энэ жил Америкийн их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутны тоогоор Энэтхэг улс тэргүүлж, сүүлийн 15 жилд тэргүүн эгнээнд явсан хятад оюутны тоог давсан байна. АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн газар болон Олон улсын боловсролын хүрээлэнгээс мэдээлснээр, 2023-2024 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудын тоо 1.1 саяд хүрсэн нь өмнөх оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Эдгээрийн дотор Энэтхэг улсаас ирж суралцаж буй оюутны тоо хамгийн их буюу 331,602 болж өмнөх оныхоос 23 хувиар өссөн байна. Харин хятад оюутны тоо 277,398 болж өнгөрсөн оныхоос дөрвөн хувиар буурчээХятад оюутнуудын тоо буурсныг Хонконгийн South China Morning Post өнгөрсөн жил АНУ хятад оюутны элсэлтэд хатуу шаардлага тавьж, зарим үед хилээр нэвтрэхийг хориглох, албадан гаргах зэрэг бодлого баримталсантай холбон тайлбарлажээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл өнгөрсөн зургадугаар сард Дипломатын судалгааны төвөөс зохион байгуулсан арга хэмжээний үеэр “STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцаж буй америк оюутны тоо хангалтгүй байгаа учир олон улсын оюутнуудыг татах ёстой” гээд “Гэхдээ Хятадаас биш, АНУ-ын аюулгүй байдлын түншийн хувьд улам бүр чухал болж буй Энэтхэгээс оюутан элсүүлэх шаардлагатай" хэмээн мэдэгдсэн нь энэ үзүүлэлтэд нөлөөлсөн бололтой. Энэ жил АНУ-д суралцаж буй гадаад оюутнуудын 29.4 хувийг нь энэтхэгчүүд, 24.6 хувийг хятадууд эзэлж байгаа бол Өмнөд Солонгос, Канад улсууд удаалжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.