Хувцас эвхдэг робот бүтээсэн компани 400 сая долларын санхүүжилт босгожээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-19
Робот хөгжүүлэлт, хиймэл оюун ухааны “Physical Intelligence” гарааны компани 400 сая долларын санхүүжилт босгосон тухай “New York Times” сонин мэдээлэв. Энэ нь АНУ-д энэ жил байгуулагдсан бүх гарааны компанид татсан 70 сая долларын хөрөнгө оруулалтаас хэдэн арав дахин илүү үзүүлэлт юм. Тус компанийн саяхан бүтээсэн нэг робот угаасан хувцас эвхэх, ширээ цэвэрлэх, нарийн картон цаасан хайрцаг нугалж эвхэх зэрэг ажлыг гүйцэтгэж чаддаг ажээ. “Google” компанийн робот техникийг олон жил хариуцаж ирсэн Кэрол Хаусман болон Калифорнийн их сургуулийн робот техникийн профессор Сергей Левин нар энэ роботыг бүтээсэн бөгөөд тэд угаалгын машинд угаасан хувцсыг гаргаж ширээн дээр тавиад тэнийлгэн эвхэж буй роботын үйлдлийг дүрс бичлэгээр үзүүлж “Замбараагүй хаясан хувцсыг тэнийлгэж эвхэх ийм адармаатай ажлыг гүйцэтгэдэг робот өнөөг хүртэл гараагүй байсан” хэмээн тайлбарлажээ. Түүгээр үл барам уг робот ширээн дээр овоорсон элдэв хог, аяга таваг зэргийг ангилахын зэрэгцээ хогийг ялган хогийн саванд, аяга тавгийг тосгуурт хийж буйг үзүүлсэн байна. Ирэх жил гэхэд робот хөгжүүлэлтийн бүх чиглэлд үүнээс ч илүү ахиц дэвшил гарна гэдгийг тэд онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.