images

Орос, Украины дайныг яриа хэлэлцээний замаар дуусгах уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-18


   Орос, Украины дайн эхлээд 1000 дахь өдрөө үргэлжилж буй энэ цаг үед яриа хэлэлцээний журмаар дайныг дуусгах тухай яриа идэвхжиж байна. Өмнө нь Украины ялалтад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх байр суурь баримталж ирсэн Европ дахь холбоотнуудын уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байгаа тухай “Wall Street Journal” мэдээлэв. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ч Украины дайныг яриа хэлэлцээний замаар зогсоохыг уриалсаар байна. Дээрх мэдээнд дурдсанаар Европын ихэнх улсд Украиныг дэмжих хүсэл эрмэлзэл нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэж албан ёсоор мэдэгдэж байгаа ч Украины дотоодод, зарим газар нутгаа өгч дайныг даруй дуусгах нь зүйтэй гэсэн үзэл бодлыг дэмжигчид нэмэгдэж байгаа аж. Мөн Д.Трамп ирэх жил Цагаан ордонд буцаж ирэхдээ Украинд үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг бүрмөсөн зогсоох магадлалтай гэсэн болгоомжлол бий болж эхэлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони нар энэ сарын эхээр Унгарын нийслэл Будапешт хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр үүнтэй төстэй байр суурь илэрхийлж байсан юм. Европын зарим дипломатч WSJ-д өгсөн ярилцлагадаа Украиныг одоог хүртэл дэмжиж ирсэн Европын зарим орны хувьд хамгийн их найдвар төрүүлж буй хувилбар бол Украин газар нутгийнхаа зарим хэсгийг Орост өгч, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалж үлдэх явдал гэжээ. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улс гал зогсоох хэлэлцээр хийхээр Украинд тодорхой шахалт үзүүлнэ гэсэн таамаг ч байна. Мөн “Bloomberg News”-ийн мэдээлснээр, Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган "Их 20"-ийн уулзалтаар одоогийн фронтын шугамыг хадгалж Украины дайныг зогсоохыг санал болгохоор төлөвлөж байна гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Р.Эрдоган Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг ерөнхийлөгч В.Путины хүссэнээр арваас доошгүй жилээр хойшлуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Оросын цэргийнхэнд эзлэгдсэн Украины Донбасс мужид цэрэггүй бүс байгуулах саналыг дэвшүүлэхээр төлөвлөж буй аж. Хэрэв дайн энэ хэвээр үргэлжилбэл Украин ойрын хэдэн сард ОХУ-д илүү их газар нутаг алдах болно гэсэн тагнуулын агентлагийн дүн шинжилгээнд үндэслэн Р.Эрдоган Украины ерөнхийлөгч В.Зеленскийг энхийн хэлэлцээг эхлүүлэхийг ятгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.