Эрээн хот валют арилжааны өртөөтэй болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
Өвөр Монголын анхны гадаад валютын үйлчилгээний өртөөг Эрээн хотод энэ сарын 12-нд нээсэн талаар “Шинэ Эрээн” сонин мэдээлэв. Уг өртөөг Хятадын ардын банкны Эрээн хот дахь салбарт байгуулсан бөгөөд хил дамнасан бизнесийг дэмжих, аж ахуйн нэгж, хувь хүмүүст гадаад валютын бодлогоо сурталчлах, зөвлөх, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой гэнэ. Эрээн хотын боомтын гадаад худалдаа эрчимтэй өсөж байгаа тул аж ахуйн нэгжүүдийн гадаад валютын үйлчилгээг хөнгөвчлөхөөр Хятадын үндэсний гадаад валютын хяналтын товчооны Өвөр Монгол дахь салбар товчооны ажил хилийн бүсэд ийнхүү ойртжээ. Сонирхуулахад, тус боомтоор Европ руу гарсан ачааны галт тэрэгний тоо энэ оны эхний 10 сарын байдлаар 2871 болж өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн аж. Ачааны галт тэргүүд Монгол, Герман, Польш зэрэг 12 орны 72 хотод очдог байна. Ингэхдээ Хятадаас гол төлөв компьютер, литийн батерей, цахилгаан автомашин зэрэг өндөр технологийн, нэмүү өртөг их шингэсэн бүтээгдэхүүн гардаг бол гадаадаас Европын автомашин, улаан дарс, оливийн тос түлхүү авдаг гэнэ. Ийнхүү боомтын үйл ажиллагаа эрчимтэй өсөж байгаа тул Эрээн хотын төмөр замын боомтыг өргөтгөж, ачаа ачих, буулгах нэгдсэн механизмтай болгох зэргээр дэд бүтцийг, ачаа тээврийн хяналтын платформ үүсгэж дижитал боомт болгон улам сайжруулж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.