Д.Трамп 27 настай бүсгүйг хэвлэлийн төлөөлөгчөөрөө сонгов
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр 27 настай Кэролайн Ливиттийг томилохоор болсноо зарлалаа. Бүгд найрамдах намын гишүүн К.Ливитт Д.Трампыг анх удаа ерөнхийлөгчийн алба хашиж байхад түүний хэвлэлийн төлөөлөгчийн орлогч, эх зохиогчоор ажиллаж байжээ. Мөн 2022 онд 25 настайдаа АНУ-ын Конгрессийн дээд танхимын сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин, өрсөлдөгчдөө 8.2% саналын зөрүүгээр ялагдаж байв.
Нью Хэмпшир мужийн Эткинсон хотод 1997 онд төрсөн тэрбээр Гэгээн Энселмийн католик сургуулийг 2019 онд улс төрийн шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны чиглэлээр дүүргэсэн. Оюутан байхдаа Д.Трампыг дэмжсэн тал бүрийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байсан бөгөөд “Fox News” телевиз, улмаар АНУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын захидал харилцааны албатай холбоотой ажиллаж иржээ. 2024 оны нэгдүгээр сард тэрбээр Д.Трампын сонгуулийн кампанийн хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдон тавдугаар сард анхны хүүхдээ төрүүлтлээ ажилласан бөгөөд долоодугаар сарын 13-нд Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа ажилдаа эргэн орсон юм.
Д.Трампын гаргасан шийдвэр хэрэгжвэл К.Ливитт Цагаан ордны түүхэн дэх хамгийн залуу хэвлэлийн төлөөлөгч болохоор байна. Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1969-1974 онд ерөнхийлөгч байсан Ричард Никсоны үед хэвлэлийн төлөөлөгчөөр нь 29 настай Рон Зиглер томилогдсон нь өнөөг хүртэл түүхэн дээд амжилт байжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.en.wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.