images

АНУ: Иргэний дайны баатар хар арьст эмэгтэйг генерал цолоор нэхэн шагнав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-12


   Иргэний дайнд оролцож байсан хар арьст эмэгтэй Харриет Табмэнийг АНУ-ын Ахмад дайчдын баяраар Үндэсний гвардийн бригадын генерал цолоор нэхэн шагнасан тухай “Washington Post” сонин мэдээлэв. Мэрилэнд мужийн амбан захирагч Уэс Мур шагнал гардуулахдаа түүнийг Америкийн түүхийг бүтээсэн агуу хүмүүсийн нэг хэмээн онцолсон байна. Ёслолын арга хэмжээнд Х.Табмэний үр удам болох Тина Вайт оролцож “Табмэн бол Иргэний дайны эрэлхэг дайчин, бусдын төлөө бүхнээ зориулсан хүн байсан” хэмээн дурсжээ. Х.Табмэн нь Мэрилэнд мужид төрсөн, боол гаралтай хар арьст эмэгтэй бөгөөд 1849 онд зарцлагдаж байсан тариалангийн талбайгаасаа зугтан Филадельфид ирж, хар арьст боолуудыг чөлөөлөх зорилготой нууц байгууллага байгуулан тэмцэж байсан хүн юм. Улмаар Холбооны армид элсэн Иргэний дайнд оролцож, сувилагч, тагнуулчаар ажиллан, анхны хар арьст тэмцэгч эмэгтэй гэдгээрээ америкчуудын хүндлэлийг хүлээж иржээ. Тэрбээр дайны дараа ч эмэгтэйчүүдийн болон хар арьст иргэдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн зохион байгуулан тэмцэж байв. Филадельфи хотын захиргаа Х.Табмэнд зориулсан 4.3 метр өндөр хөшөөг ирэх онд босгохоор төлөвлөж байна. Мөн Чикагогийн нэгэн бага сургууль арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл агуулсан сургуулийн нэрээ Х.Табмэний нэрээр сольжээ. Түүнчлэн энэ онд АНУ-д Х.Табмэний дурсгалд зориулсан гурван янзын зоосон мөнгө гүйлгээнд гаргасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.