Хятад улс цас, мөсөөр жуулчдыг татах бодлогоо зарлав
Анд нөхдийн мэдээ
2024-11-08
Хятад улс цас, мөсний эдийн засгийг өсгөх буюу өвлийн спорт, аялал жуулчлал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж 2030 он гэхэд 1.5 их наяд юань буюу 211 тэрбум доллар олох төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ төлөвлөгөө нь Хятадын хойд бүс нутгууд болох өвөл хүйтэрдэг Өвөр Монгол, Шинжаан, Хармөрөн муж, Бээжин хотод хамаарна. Тус улс анх 2015 онд өвлийн спортоор дамжуулан 300 сая жуулчин татах төлөвлөгөөгөө зарласан нь 2022 оны өвлийн Олимпоос ч өмнө биелж 2021 онд 346 саяд хүрсэн юм. Харин одоогийн шинэ стратегиар өвлийн спортын залуучуудын багаа илүүтэй дэмжиж, урт хугацааны өсөлтөд нь анхаарах гэнэ. Ялангуяа, бага, дунд сургуулийн сурагчдыг өвлийн спортоор хичээллүүлэх, түвшин бүрд тохирсон үндэсний хэмжээний хүүхэд залуучуудын тэмцээний тогтолцоотой болохоор төлөвлөжээ. Мөн хойд бүсийн нутгууддаа өвлийн спортын сургуулилалтын бааз байгуулах, олон улсын арга хэмжээ зохион байгуулахад анхаарснаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өвлийн спорт, аялал жуулчлалын 3-5 чиглэлтэй болохоор зэхэж байна. Хятадын аялал жуулчлалын академийн өгсөн мэдээллээр өнгөрсөн өвөл цас, мөсний аялал жуулчлал 38 хувиар, ашиг нь 50 хувиар өсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.