images

Технологийн аваргууд Дональд Трампад баяр хүргэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-07


   АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өчигдөр гарч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн 78 настай Дональд Трамп тус улсын ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдов. Түүний энэ жилийн сонгуулийн кампанит ажлыг “Tesla” компанийн захирал Илон Маск тууштай дэмжсэн бол сонгуулийн үр дүн гарсны дараа “Apple” компанийн захирал Тим Күүк, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, “OpenAI” компанийн захирал Сэм Алтмэн, “Alphabet” компанийн захирал Сундар Пичай, “Microsoft” компанийн захирал Сатья Наделла болон “Uber”, “Box”, “Cisco”, “Intel”, IBM зэрэг компанийн захирлууд X хуудсаараа дамжуулан баяр хүргэв. Харин “Meta” компанийн захирал Марк Цукербэрг X-ийн өрсөлдөгч “Threads” платформоороо дамжуулан баяр хүргэлээ. С.Алтмэний хувьд “Ерөнхийлөгч Д.Трампад баяр хүргэж, ажилд нь том амжилт хүсье” гэсэн бөгөөд дараагийн жиргээндээ “Энэ ялалт АНУ ардчиллын үнэт зүйлс, хиймэл оюун ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч хэвээр үлдэхэд маш чухал” гэсэн байна. Түүний адил Т.Күүк мөн л Д.Трамп сонгуульд ялсан нь АНУ шинэ санаачлага, бүтээлч, ухаалаг байдлаараа тэргүүлэгч хэвээр байхад тустайг онцолжээ. Харин Ж.Безос “Улс төрд ер бусаар эргэн ирж шийдвэрлэх ялалт байгуулсан 45 болон 47 дахь ерөнхийлөгчдөө том баяр хүргэе” гэв. Мөн С.Пичай “Бид АНУ-ын шинэ санаачлагын алтан үед амьдарч, Д.Трампын засаг захиргаатай хамт хүн бүрд үр ашиг хүртээхэд туслан хамтарч ажиллахаа амлаж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.