images

60 доллар зээлж байгуулсан компаниа 5 тэрбумын хөрөнгөтэй болгожээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-11-06


   Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том компанийн нэг “Waaree Energies өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Үндэсний хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаар компанийн тэргүүн Хитэш Чиманлал Доши 5.2 тэрбум долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн эгнээнд орж ирлээ. Мумбайн биржид компанийн гаргасан 514 сая долларын хувьцааны үнэ өдөртөө 56 хувиар өссөн нь Х.Дошийн гэр бүлийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэрэг байв.

   Энэтхэгийн Махарашта мужийн жижиг тосгонд 1967 онд төрсөн Х.Доши 17 настайдаа, гэрээсээ 600 км хол Мумбай хотод очиж тэндхийн Худалдаа, эдийн засгийн их сургуульд элсчээ. Оюутан байхдаа садангийн хүнээс 60 доллар зээлэн компьютерийн эд анги, электрон бараа наймаалж эхэлсэн нь түүний өнөөдрийн бизнесийн аварга бүтцийнх нь үндэс суурь тавигдсан хэрэг байв. Сургуулиа төгсөөд тэрбээр банкнаас 1800 доллар авч, хийн даралт хэмжих багаж, шатахуун түгээгүүрийн тоног төхөөрөмж, усны шугам хоолойн эд анги үйлдвэрлэх компани байгуулсан бөгөөд 2000 он эхлэхийн өмнөхөн эрчим хүчний байгууламжийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд шилжин АНУ, Европоос захиалга авч эхлэв. 2007 онд Германд болсон худалдааны үзэсгэлэнгийн үеэр Х.Доши нарны эрчим хүчний салбарыг ихээхэн сонирхож, компаниа энэ чиглэлд төвлөрүүлжээ. Улмаар компаниа “Waaree Energies” хэмээн нэрлэсэн нь төрсөн тосгоных нь хиндү шашны мөргөлийн сүмийн нэр байв.

   Өдгөө 57 настай Х.Доши компанийнхаа ерөнхийлөгч бөгөөд хоёр дүү, хүргэн нь Захирлуудын зөвлөлд ордог. Тэд мөн инженерийн чиглэлийн “Waaree Renewable Technologies”, эрчим хүчний нөөцийн “Waaree Technologies” компанийн томоохон хувьцаа эзэмшигчид юм. 12 мянган мегаваттын үйлдвэрлэлийн хүчин чадалтай “Waaree Energies” компани өнөөдөр Энэтхэгийн нарны хавтангийн хамгийн том үйлдвэрлэгч болжээ. Компанийн орлогын ихэнх хувийг АНУ-ын импортлогчид бүрдүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд тус улс Хятадын үйлдвэрлэгчдэд өндөр татвар ноогдуулах болсноор Энэтхэгийн аж үйлдвэрийн энэ салбарт илүүтэй түшиглэх болжээ. “Waaree Energies” компани ойрын үед хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө Энэтхэгийн зүүн нутгийн Одиша мужид зургаан гигаваттын хүчин чадалтай нарны хавтангийн үйлдвэр барихад зарцуулах төлөвлөгөөтэй байна.    

Гэрэл зургийн эх сурвалж: bloomberg.com

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.