Дэлхийн хамгийн эртний Зул сарын захыг энэ сарын 27-нд нээнэ
Анд нөхдийн мэдээ
2024-11-06
Дэлхийн олон оронд Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр тусгай худалдааны зах нээдэг. Өдгөө 11 дүгээр сар гарсан тул улс орнууд Зул сарын зах нээх бэлтгэлээ хангаж, хэзээ нээх товоо зарлажээ. Тухайлбал, дэлхийн хамгийн эртний Зул сарын зах болох Германы Дрезден хотын төв талбайд болдог “Striezelmarkt" зах энэ сарын 27-ноос ирэх сарын 24 хүртэл гарна. Тус захыг анх 1434 онд Фредерик II, дүү Сигизмундын хамт санаачлан Зул сарын өмнөх орой гадаа талбайд бүтэн өдөр ажиллуулжээ. Харин тэр нь уламжлал болсоор өнөө жил 590 насны ойтойгоо золгож байна. Жил бүр Германд 2500-3000 том, жижиг Зул сарын зах ажилладгаас “Striezelmarkt" хамгийн алдартай нь юм. Учир нь, төрөл бүрийн баярын хоол, нарийн боов, дарс амтлангаа гар урчуудын хийсэн модон чимэглэл, тоглоом, бэлгийг худалдан авч, Зул сарын баярт зориулсан гэрлэн чимэглэл, тохижуулалтыг нь харж нүдээ баясгадаг ажээ. Тиймээс жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс тус захыг 2.5-3 сая хүн зорин очдог байна. Мөн тэнд 1999 онд өндрөөрөө Гиннесийн амжилтын номд орсон 14.62 метр өндөр “Erzgebirge step” модон пирамид байдгийг Зул сарын лаа, тоглоомоор чимдэг нь олны анхаарлыг ихээр татдаг аж. Сонирхуулахад, Германы Зул сарын баярын захыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд Хятадын луут завины наадмын адил бүртгэх ёстой гэж зарим хүн үздэг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.