Хятадын төв телевизээр Ши Жиньпиний аавын тухай олон ангит кино гарна
Анд нөхдийн мэдээ
2024-11-05
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний аав Ши Жүншюний (1913-2002) амьдрал, тэмцлийг харуулсан олон ангит кино өнөөдрөөс эхлэн Хятадын төв телевизээр (CCTV) гарч эхэлнэ. “Баруун хойд нутгийн он жилүүд” нэртэй 40 ангит уг кино өнөөдөр оройн 20 цаг буюу оргил цагаар гарч эхлэхээр болсон тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Кино мөн “Tencent Video”, Mango TV, “iQiyi” зэрэг Хятадын онлайн видео үйлчилгээний платформууд дээр нэгэн зэрэг цацагдах ажээ. Кинонд Ши Жүншюн 1927 онд хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн үеэс БНХАУ байгуулагдсан 1949 он хүртэл, цаашлаад өөрийн төрсөн газар болох баруун хойд нутаг буюу Шэньси муж, тэрчлэн Ганьсу муж, Ниншя-Хуйн өөртөө засах муж, Хөхнуур муж, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон зэрэг нутгаар хэрэн явсан 1952 он хүртэлх 25 жилийн улс төрийн амьдралын түүхийг өгүүлэх ажээ. Шэньси мужийн Фүпин хошуунд ядуу тариачны хүү болон мэндэлсэн Ши Жүншюн Шэньси, Ганьсу мужид хувьсгалын бааз байгуулж, улмаар Хятадын Коммунист намын удирдагч болж, баруун хойд нутагт өрнөсөн зэвсэгт тэмцлийг толгойлон, эдийн засгийн хөгжлийг мөн гардаж явсан түүхийг өгүүлсэн байна. Уран бүтээлийн олон эерэг дүрээрээ олны танил болсон жүжигчин Ву Лэй, Жин Дүн нар түүний хүүхэд болон идэр насны дүрийг бүтээж, харин Ши Жиньпиний ээж Ци Шиний дүрд алдартай жүжигчин Нини тоглосон байна. Ши Жүншюнийг Хятадын хувьсгалын суурийн тавьсан найман алдартны нэг гэж үздэг ч Мао Зэ Дуны үед түүнийг "хувьсгалын эсэргүү" хэмээн буруутгаж, албан тушаалаас нь буулгасан бөгөөд дараа нь Дэн Сяопин эргүүлэн улс төрийн өндөр албанд томилж байжээ. Улмаар Хятадын шинэчлэлийн үед Гуандун мужийн намын нарийн бичгийн даргаар ажиллаж, улсын эдийн засгийг бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг аж. Өнгөрсөн жил CCTV Ши Жүншюний мэндэлсний 110 жилийн ойд зориулан "Чин сэтгэл” нэртэй зургаан ангит баримтат киног бүтээж олон нийтэд хүргэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.