Энэтхэгийн тэрбумтан өөд болохдоо хөрөнгөө нохойдоо өвлүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-30
Энэтхэгийн “Tata” группын хүндэт ерөнхийлөгч, 86 настай Ратан Тата өөд болохдоо Тито нэртэй нохойдоо хөрөнгийнхөө тодорхой хэсгийг өвлүүлэхээр гэрээслэсэн байна. "The Times" сонины мэдээлснээр тэрбээр Энэтхэгийн уламжлалыг эвдэж, асар их баялгийнхаа нэлээд хэсгийг хайртай нохой болон тогоочдоо, мөн өөрийн итгэлт туслахдаа өвлүүлсэн ажээ. Түүгээр үл барам Тито нохойгоо маш сайн асарч халамжилж байхыг гэрээслэлдээ онцлон дурдсан байна. Тито бол 5-6 жилийн өмнө авсан герман овчарк үүлдрийн нохой бөгөөд эдүгээ түүнийг Р.Татагийн тогооч Ражан Шоу асарч байгаа аж. Р.Татагийн дотнын найз Сухел Сет нохойдоо эзнийх нь өвлүүлсэн мөнгөн дүнг хэлэхээс татгалзсан ч "Тата түүнд маш өгөөмөр хандсан" гэжээ. Сетийн хэлснээр, Р.Тата нь баян чинээлэг гэр бүлд өссөн ч тогооч болон туслахтайгаа найз нөхөд шигээ ханддаг, төрсөн өдөр болон үдэшлэгт байнга урьдаг, өдөр бүр хамт хооллодог байжээ. Тэрбээр 2018 онд тухайн үед Уэльсийн хунтайж байсан Чарльзаас шагнал гардаж авах ёстой байсан ч нохой нь өвдсөн гэх шалтгаанаар шагналаа очиж аваагүй аж. 1937 онд Мумбай хотод “Tata” группыг үүсгэн байгуулагч Жамсетжи Татагийн ач хүү болон мэндэлсэн тэрбээр АНУ-ын Корнеллийн их сургууль дүүргээд нутагтаа эргэн ирж бизнесийн ажилд шамдах болсон байна. “Tata” групп нь автомашин, санхүү, агаарын тээвэр, зочид буудал, хэвлэл мэдээлэл зэрэг 100 гаруй салбарт ажилладаг бөгөөд нийт 750 мянган ажилтантай. Р.Тата гэрлэж байгаагүй бөгөөд насан туршдаа ганц бие амьдарч 2012 онд тэтгэвэрт гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.