images

“The Washington Post” сонин ерөнхийлөгчийн сонгуульд төвийг сахина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-28


   Ирэх сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “The Washington Post” (WP) сонин аль нэг нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв. Үүнийг зарим ажиглагч Дональд Трампын таалалд нийцүүлэх гэсэн оролдлого хэмээн шүүмжилж байна. Тус сонины ерөнхий эрхлэгч Уильям Льюис энэ тухайд “WP сонин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй. Цаашид ч энэ чиг шугамаа баримтлана” гэжээ. Тус сонин сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаагаа аль нэг нэр дэвшигчийг дэмжихгүй байх шийд гаргасан нь энэ аж. Харин “New York Times” сонин өнгөрсөн сард Ардчилсан намаас нэр дэвшсэн Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж байгаагаа илэрхийлж "Эх оронч ерөнхийлөгч бол цорын ганц сонголт" гэсэн гарчигтай нийтлэл гаргаж байв. "Биднийг аль нэг нэр дэвшигчийг далдуур дэмжих, эсвэл хариуцлагаас зайлсхийхийн тулд ийм шийд гаргасан гэж хардаж магад. Харин бидний эрхэм зорилго бол редакциараа дамжуулан америкчуудад үнэн зөв мэдээ, мэдээлэл хүргэх, уншигчдад өөрийн гэсэн байр суурьтай болоход туслах явдал юм" хэмээн У.Льюис онцолжээ. Тэрбээр 1960 оны сонгуульд Ричард Никсон болон Жон Кеннеди нарын хэнийг ч дэмжээгүйгээ дурдаад "Энэ бол жинхэнэ чөлөөт сонины мөн чанар” гэжээ. Харин сонины үйлдвэрчний эвлэлийнхэн “Сонгууль болохоос ердөө 11 хоногийн өмнө ийм шийдвэр гаргасанд бид маш их санаа зовж байна” гээд “Сонины редакцийн итгэл үнэмшлийг умартсан явдал” гэж шүүмжлэв. Мөн тус сонины ерөнхий редактор асан Марти Бэррон “Энэ бол ардчиллыг доромжилж буй хулчгар үйлдэл” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.