Харийн нутагт 27 жил амралгүй ажилласан цэвэрлэгч эрийн бахдам түүх
Анд нөхдийн мэдээ
2024-10-25
Малайзад цагаачлан амьдардаг цэвэрлэгч ажилтай бангладеш эр Абу Бакар нэг ч өдөр амралгүй 27 жил тасралтгүй ажиллаж, хүүхдүүдээ шүүхийн шүүгч, эмч, инженер болгосон нь олны талархал хүлээгээд байна. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, тэрбээр 31 жилийн өмнө гэр бүлээ үлдээгээд Бангладеш улсаас Малайзад ирж суурьшин хар бор ажил гололгүй хийжээ. А.Бакар тус сонинд өгсөн ярилцлагадаа ямар ч ажлаас халширч шантралгүй хийсэн гэх бөгөөд ингэхдээ нэг ч өдөр амарч, чөлөө мэдүүлж үзээгүй байна. Тэрбээр өдрийн дэглэмийнхээ талаар “Өглөө бүр босоод усанд орж, өглөөний цайгаа ууж, ажилдаа очиж өдөржин ажиллаад орой ажлаа таран гэртээ ирж хоолоо идсэний дараа нутагтаа буй гэр орныхонтойгоо утсаар яриад дараа нь шууд унтана. Маргааш өдөр нь яг адилхан” гэжээ. Улмаар энэ нутагт ирж олон жил ажиллаж олон сайхан нөхөдтэй болсноо бахдан өгүүлсэн бөгөөд түүний цэвэрлэгчээр ажилладаг “Klang Parade” худалдааны төв 2018 онд Кланг хотын хамгийн цэвэрхэн худалдааны төвөөр шалгарч байжээ. Тэрбээр олсон мөнгөө хүүхдүүдийнхээ боловсрол, ар гэрийн амьжиргааны зардалд зориулдаг байв. “Indeed” ажил эрхлэлтийн вэб сайтад мэдээлснээр Малайз дахь цэвэрлэгчийн сарын дундаж цалин 1640 рингит буюу ойролцоогоор 350 орчим доллар. А.Бакар Малайзид ирснээс хойш нэг ч удаа нутагтаа очиж чадаагүй байна. Түүнийг гэрээсээ явах явах үед таван хүүхдийн хамгийн бага нь дөнгөж зургаан сартай байжээ. Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэл үр дүнгээ өгч том охин нь шүүхийн шүүгч, хоёр хүү нь эмч, инженер болон эдүгээ мэргэжлээрээ ажиллаж байна. Абу Бакар хүний нутагт 27 жил ийн ажиллаж зорьсноо биелүүлсэн тул эдүгээ ирэх арванхоёрдугаар сард нутаг руугаа буцна. Энэ тухайд тэрбээр “Одоо л би халуун ам бүл дээрээ очно. Анх удаа нүүр учрах гэж буй хоёр ачийгаа харах гэж үнэхээр яарч байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.