images

Норвеги: 15 насанд хүрсэн хүн цахим сүлжээ ашиглаж болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-24


   Норвеги улс цахим сүлжээ ашиглах насны доод хязгаар 13 нас байсныг 15 болгон нэмэхээр болжээ. Тус улсын ерөнхий сайд Йонас Гарстер нийгмийн сүлжээ ашиглах насны хязгаарыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлаж, хэвлэлд өгсөн ярилцлагадаа улстөрчид хүүхдүүдийг алгоритмын хүчнээс хамгаалахын тулд хөндлөнгөөс оролцох ёстой болохыг онцолж холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгосон байна. Тэрбээр олон нийтийн сүлжээн дэх хортой контентоос хүүхдүүдийг хамгаалах шаардлагатайг онцолсон ч технологийн томоохон компаниудын эсэргүүцэлтэй тулах магадлал өндөр байна. Ерөнхий сайд цахим сүлжээ ганцаардсан хүүхдүүдэд олон нийтийн орчин болдог гэдгийг ойлгож байгаа ч алгоритмын хүчээр өөрийгөө зугаацуулахын эсрэг байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн сайд Керсти Топе энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал болохыг онцлов. Тус улсад одоогоор олон нийтийн сүлжээнд нэвтрэх насыг 13 гэж тогтоосон байгаа хэдий ч судалгааны үр дүнгээс харахад есөн настай хүүхдүүдийн талаас илүү хувь нь, 10 настай хүүхдүүдийн 58 хувь, 11 настай хүүхдүүдийн 72 хувь нь цахим сүлжээнд нэвтэрч байгаа ажээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Франц улс 15-аас доош насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээ ашиглахыг хязгаарласан хууль баталсан. Австрали улс мөн адил ийм хууль журам хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий сайд Энтони Албанезе ABC сувагт өгсөн ярилцлагадаа энэ онд багтаан нийгмийн сүлжээ хэрэглэх насны хязгаарт өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.