images

Пэддингтон баавгайд Их Британи улс паспорт олгожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-24


   Британийн засгийн газар Перу гаралтай нэгэн дүрвэгчид паспорт олгожээ. Гэхдээ энэ дүрвэгч хүн биш, Британийн хамгийн алдартай гэр бүлийн сэдэвт киноны гол дүр болох "Paddington" баавгай юм. "The Guardian" сонины мэдээлснээр, тус киноны гурав дахь цуврал болох "Paddington in Peru" киноны продюсер Роб Силва Британийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Пэддингтон баавгайд Британийн Дотоодын хэргийн яам албан ёсны паспорт олгосон” гэжээ. Тэрбээр Пэддингтон баавгайн зураг, нэр бүхий паспорт үзүүлж Дотоод хэргийн яам хошигносон хэрэг биш, түүнд жинхэнэ паспорт олгосон болохыг онцолсон байна. Паспорт дээрх баавгайн иргэншил нь Их Британи, төрсөн газар нь кино зохиолд гардаг ёсоор Перу улс. Пэддингтон бол Британийн хүүхдийн зохиолч Майкл Бондын 1958 онд бичсэн "Миний нэр Пэддингтон" хүүхдийн зохиолын гол дүр юм. Энэ нь Перугийн ширэнгэн ойд төрж өссөн өнчин бамбарууш Лондон руу адал явдалт аялал хийхээр замд гарч байгаа тухай өгүүлнэ. Тухайн үед Пэддингтон баавгай хүзүүндээ "Энэ баавгайг сайн харж хандаарай" гэсэн бичээс зүүсэн байдлаар гарах бөгөөд энэ дүрийг дэлхийн II дайны үеэр Европ тивээс Англид ирж байсан дүрвэгч еврей хүүхдүүдийн зургаас санаа авсан болохоо зохиолч дурдсан байдаг. Пэддингтоны тухай цуврал кино гарсан цагаасаа хойш Их Британи даяр ихэд алдаршиж засгийн газрын болон эзэн хааны албан ёсны арга хэмжээнүүдэд хүртэл үзэгдэх болсон байна. Тухайлбал 2022 онд Хатан хаан II Елизаветийн хаан ширээнд суусны 70 жилийн ойн ёслолын үеэр Хатан хаан, Пэддингтон хоёр өөд өөдөөсөө харан суугаад цай ууж буй бичлэг олны анхаарлыг ихэд татсан юм. “The Guardian” сонинд “Пэддингтон бол британичуудын хамгийн хайртай дүрвэгсдийн нэг байсан” хэмээн онцолжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.