Дэлхийн урлаг соёлын алдартнууд хиймэл оюуны компаниудын эсрэг мэдэгдэл гаргав
Анд нөхдийн мэдээ
2024-10-23
Утга зохиолын салбарын Нобелийн шагналт, япон гаралтай Их Британийн зохиолч Казүо Ишигүро, Холливүүдийн жүжигчин Жулианна Мур зэрэг дэлхийд алдартай 10 мянга гаруй соёл, урлагийн зүтгэлтэн урлагийн бүтээлийг ашиглан хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэхийг эсэргүүцсэн мэдэгдэлд гарын үсэг зурав. “The Washington Post” сонины мэдээлснээр, хиймэл оюун ухааны компаниудын эсрэг “Fairly Trained” ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, хөгжмийн зохиолч Эд Ньютон энэ мэдэгдлийг төлөөлөн хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10500 хүний гарын үсэг зуржээ. Уг мэдэгдэлд "Хиймэл оюун ухааныг бий болгох зорилгоор уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах нь уран бүтээлчдийн амьжиргаанд ноцтой нөлөөлж байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэжээ. Уран бүтээлчдээс гадна Америкийн хөгжимчдийн холбоо, Дэлгэцийн жүжигчдийн эвлэл (SAG-AFTRA), Европын зохиолчдын хороо зэрэг байгууллагууд энэ мэдэгдэлд нэгдсэн байна. Уран бүтээлчдийн нэгдэлд манлайлан оролцож буй Ньютон-Рекс нь Их Британийн “Stability AI” гарааны компанид ажиллаж байсан бөгөөд хиймэл оюун ухаан ашиглах компанийнхаа бодлоготой санал нийлэхгүй байсны улмаас өнгөрсөн жил ажлаасаа гарчээ. Тэрбээр “Бидний оюуны бүтээлийг хиймэл оюун ухааны компаниуд суралцах өгөгдөл гэж үзэж байгаа нь хүнлэг бус хэрэг” гэж шүүмжилжээ. Үүнээс гадна АНУ-ын хэд хэдэн зохиогч, зохиогчийн эрхийг зөрчсөн хэргээр “OpenAI” зэрэг хиймэл оюуны компаниудыг шүүхэд өгөөд байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.