images

Их Британи, Герман улс батлан ​​хамгаалах хамтын ажиллагааны гэрээ байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-23


   Их Британи болон Герман улс анх удаа батлан ​​хамгаалах хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Оросын түрэмгийллийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авахаар болсон тухай ВВС мэдээлэв. Тодруулбал Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Жон Хили, Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус нар хамтарсан мэдэгдэл хийж, Лондон хотод "Trinity House Agreement" гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. Европ тивийн батлан ​​хамгаалалтад хамгийн их хөрөнгө зарцуулдаг тус хоёр улс НАТО-гийн гишүүн орны хувьд хамтран ажиллаж байсан ч батлан ​​хамгаалах чиглэлд хамтрахаар гэрээ үзэглэж буй нь анхных юм. Гэрээ хүчин төгөлдөр болсноор Германы батлан ​​хамгаалахын Rheinmetall компани Их Британид үйлдвэр байгуулж, 2027 оноос эхлэн их бууны эд анги үйлдвэрлэж эхэлнэ. Мөн хоёр орны Батлан ​​хамгаалахын сайд нар Их Британийн “Storm Shadow”, Германы “Taurus” агаар-газар ангиллын далавчит пуужингуудаас илүү тусгалтай, нарийвчлалтай зэвсэг бүтээх зорилго тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Нөгөө талаар Германы Агаарын цэргийн хүчний Eurofighter Typhoon сөнөөгч онгоцуудтай зэрэгцэн үүрэг гүйцэтгэх боломжтой шинэ нисгэгчгүй онгоц бүтээхэд хамтарч, НАТО-гийн зүүн бүсийг Оросын аюулаас хамгаалахад илүү их хүчин чармайлт гаргахаа мэдэгджээ. Энэхүү гэрээ нь хоёр орны цэрэг, батлан ​​хамгаалах салбарыг илүү ойр дотно харилцаанд оруулах чухал үе гэдгийг Сайд Ж.Хили онцлон тэмдэглэсэн бол Б.Писториус "Бид Европын аюулгүй байдлыг энгийн зүйл мэтээр хүлээж авах ёсгүй" гээд, бусад орнуудыг энэ зорилгод нэгдэхийг уриалсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.