Хятад: Саран дээр бааз барихад зориулан бүтээсэн тоосгоо турших гэж байна
Анд нөхдийн мэдээ
2024-10-23
Хятадын эрдэмтэд сарны хөрстэй ижил найрлагатай хиймэл шороо ашиглан тоосго бүтээснийгээ “Tiangong” сансрын станц руу илгээж турших гэж байгаа талаар Хятадын төв телевиз мэдээллээ. Энэ талаар өнгөрөгч есдүгээр сард Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үндэсний дижитал барилгын технологийн инновацийн төвийн захирал Дин Лиеюн “Сарны хөрстэй бараг ижил найрлагатай хиймэл шороо ашиглаж хийсэн тоосгыг ирэх сард ачаа тээврийн “Tianzhou-8” хөлгөөр сансрын станцад хүргэнэ” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл хиймэл шороогоор хийсэн тоосгонууд энгийн улаан тоосгоноос гурав дахин бат бэх болсон байна. Учир нь, тоосго нь сарны гадаргуу дээрх эрс тэс дулааны өөрчлөлт, сансрын цацраг туяа, сансрын бичил биетийн нөлөөнд тэсвэртэй байх ёстой. Тухайлбал, саран дээр өдөртөө 180 хэмийн дулаан, шөнөдөө 190 хэмийн хүйтэн болж хувирдаг ажээ. Тиймээс шинээр бүтээсэн тоосго нь дулаан хадгалах чадвар өндөртэй, 1000 хэмд тэсвэртэй гэнэ. Судлаачид “Tiangong” сансрын станцын гадна тоосгоны дээжийг байршуулж 1-3 жилийн хугацаанд ажиглан туршилт хийх юм байна. Тоосгыг “Tianzhou 8” карго тээврийн сансрын хөлгөөр ирэх долоо хоногт хөөргөхөөр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.