Буриадын “Нөхөр” рок хамтлаг шинэ цомог гаргана
Анд нөхдийн мэдээ
2024-10-23
Оросын Буриадын “Нукер” этно рок хамтлаг шинэ цомгоо энэ сарын 30-ны өдөр танилцуулахаа зарлалаа. “Нукер” гэдэг нь монгол хэлний анд, нөхөр гэсэн үг бөгөөд хамтлагийн дуучин Ариунаа Нямаева энэ талаар ярихдаа “Буриад хэлний анд гэсэн үгээр хамтлагаа нэрлэсэн маань учиртай. Буриадын алдартай зохиолч А.Гатаповын “Чингис хааны анхны нөхөр” романыг бодож байгаад энэ нэрийг өгсөн юм. Бид хөгжим, уран бүтээлээр салшгүй холбоотой болсон найзууд учраас энэ нэрийг хамтлагтаа яг тохирно гэж үзсэн. Тэгээд ч буриадууд бүгд энэ үгийг мэддэг, сонсголонтой, хэлэхэд амархан нэр” гэжээ. Буриадын Заиграевский дүүрэгт 2022 онд байгуулагдсан энэ хамтлаг таван гишүүнтэйн хоёр нь буриад бүсгүйчүүд бөгөөд Ариунаа Нямаева гоцлон дуулахаас гадна морин хуур тоглодог бол Сарюна Бальчинова нь лимбэчин юм. Хамтлаг буриадын ардын дуу, хөгжмийг рок хэмнэлд хувирган тоглодог. Тэд “Нүүдэлчдийн дуу хоолой”, “Сибирийн ертөнц”, “Байгал удган” зэрэг хэд хэдэн рок наадамд оролцсон бөгөөд өнгөрсөн зун Хар тэнгисийн эрэгт болсон “Таврида АРТ” хэмээх томоохон фестивальд дуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.