Япон улс НҮБ-д цөмийн зэвсгийг устгах тухай тогтоол өргөн барив
Анд нөхдийн мэдээ
2024-10-22
Японы Засгийн газар энэ жил 31 дэх жилдээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Нэгдүгээр хороонд цөмийн зэвсгийг устгах тухай тогтоол өргөн барьснаа зарлав. Тогтоолд атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэдийн "Nihon Hidankyo" нийгэмлэг энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзнээр тодорсныг дурдаж, цөмийн дайнд ялагч байхгүйг онцлон, цөмийн зэвсэгтэй орнуудыг зэвсгээр хөөцөлдөхөөс зайлсхийхийг уриалав. Улмаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд (TPNW) нэгдэж соёрхон баталсан орнуудын уулзалтыг зохион байгуулахад тус байгууллага онцгойлон анхаарна гэдгийг тогтоолд дурдсан байна. TPNW нь 2017 онд НҮБ-аас баталсан, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс (NPT) илүү өргөн агуулгатай, цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх, ашиглах, зэргийг бүрэн хориглосон гэрээ юм. Гэрээ 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 50 гаруй орон соёрхон баталсан байна. Харин АНУ, Хятад, Орос зэрэг цөмийн зэвсэгтэй орнууд гэрээнд нэгдэн ороогүй байна. Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтнаар тодорсон "Nihon Hidankyo" байгууллага нь TPNW байгуулагдахад ихээхэн хүчин чармайлт гаргасан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.