Далайн усанд унасан хүү 12 цагийн дараа эсэн мэнд олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-22
Хавайн арлын ойролцоо завиар аялж явсан өсвөр насны хүүхэд далайн усанд унаж, 12 цагийн дараа эсэн мэнд гарсан байна. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр өнгөрсөн 16-ны өдрийн 19:27 цагт 17 настай хүү сэлүүрт завины бэлтгэл хийж байгаад сураггүй алга болсон тухай мэдээлэл аврах багийнханд иржээ. Аврах баг мэдээлэл авсан даруйдаа шуурхай ажиллаж эргийн амралтын газраас өмнө зүгт 2.4 км-т хүүг олж аварсан байна. Хүүгийн нэрийг Кахиау Кавай гэдэг бөгөөд тэрбээр аврах хантаазгүйгээр ахлах сургуулийн завины багийн бэлтгэлд оролцож байгаад хүчтэй давалгаанд цохигдон завьтайгаа хөмөрчээ. Хүү хөмөрсөн завинаасаа зууран далайн усанд хөвсөөр явсан бөгөөд тусламж дуудаж хашхирсан ч хэтэрхий хол явсан байсан тул багийнхан нь түүний дууг сонсоогүй байна. Тэрбээр болсон явдлын талаар “Далайн урсгалыг дийлэхгүйгээ мэдээд аль болох тайван байхыг хичээсэн” гэжээ. Шөнө болж харанхуй тэнгист ганцаараа хөвж явахад аймшигтай байсан ч хүү итгэл найдвараа алдалгүй тэмцсээр байсан аж. Аврах багийнхан хүүг олохын тулд хэд хэдэн завь, нисдэг тэрэг дайчлан, 50 орчим албан хаагч шуурхай ажиллажээ. Аврах албанд 16 жил ажилласан аврагч Норланд Кеулана тэр шөнө амарч байсан ч эхнэрийнх нь найзын хүү сураггүй алга болсон тухай сонсоод шууд ажилдаа орж далайд гаран хүүг хайж эхэлжээ. Үүр шөнийн 04 цагийн орчимд буюу 12 цагийн дараа эргийн хамгаалалтын нисдэг тэрэг далайд хөвж яваа хүүг олж хараад байршлыг нь мэдээлсэн бөгөөд хамгийн ойр байсан аврагч Н.Кеулана завьтай очиж хүүг аварсан байна. Улмаар хүүг нь эсэн мэнд олсон тухай нэн даруй ээжид нь мэдэгдсэн бөгөөд хүүгийн ээж "Хүүгээ эсэн мэнд олдсоныг дуулаад далайн эрэг рүү очиж явахад үнэхээр сэтгэл хөдлөм байсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.