Молдавчууд Европын холбоонд элсэхээс татгалзав
Анд нөхдийн мэдээ
2024-10-21
Зүүн Европын Молдав улсад өчигдөр Европын холбоонд нэгдэх эсэх талаар санал асуулга болж, үр дүн нь урьдчилан таамаглаж байснаас эсрэгээр буюу тус холбоонд нэгдэхийг эсэргүүцсэн санал олонх болжээ. Ерөнхийлөгч Майя Санду Оросыг дэмжигч хүчнийхэн санал асуулгад хөндлөнгөөс оролцсон болохыг онцлоод “Гэмт хэргийн бүлэглэлүүд гадаадын хүчинтэй тохиролцож, янз бүрийн суртал ухуулга, худал мэдээгээр улс орны эрх чөлөө, ардчилалд урьд өмнө байгаагүйгээр халдсан" гэж мэдэгдэв. Мөн өдөр бүх нийтийн санал асуулгатай зэрэгцэн явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд М.Санду Оросын талыг баримтлагч Александр Стояноглог ялсан хэдий ч дийлэнх олонхын санал авч чадаагүй учир ирэх сард хоёр дахь шатны сонгууль явуулах төлөвтэй байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, Молдавыг Европын холбоонд элсэх тухай бүх нийтийн санал асуулгад 52 хувь нь эсрэг, 47 хувь нь дэмжсэн үр дүн гарчээ. Гэсэн хэдий ч тус холбоонд элсэхийг дэмжиж байгаа Молдав дахь цагаачдын бүлгүүдийн саналыг тоолох ажил хойшлогдсоор байна. Мөн тус улсын цагдаа нар энэ сарын эхээр ОХУ-ын дэмжлэгтэй гэмт хэргийн бүлэглэл Молдавын 130 мянга орчим иргэнд ерөнхийлөгчийн сонгуульд Оросыг дэмжигч нэр дэвшигчдэд санал өгүүлэх, мөн бүх нийтийн санал асуулгад эсрэг санал өгүүлэхийн тулд хээл хахууль өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг дурджээ. Хуучин ЗХУ-ын нэг хэсэг байсан Молдав улс тусгаар тогтносноос хойш Барууны болон Оросын талыг баримтлагч бүлгүүд ээлжлэн төр барьсаар ирсэн юм. М.Санду нь Барууны талыг баримтлагч бөгөөд энэ удаагийн сонгуулиар бүрэн эрхээ дахин дөрвөн жилээр сунгаж, Европын холбоог дэмжсэн бодлогоо үргэлжлүүлэх зорилт тавин ажилласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.