images

Хакердуулсан робот тоос сорогч хараал хэлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-21


   Хятадад үйлдвэрлэсэн тоос сорогч хакердуулсны улмаас арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан утга бүхий хараал хэлсэн явдал гарсныг үйлдвэрлэгч компани нь шалгаж байна. “New York Post сонины мэдээлснээр, энэ явдал өнгөрсөн тавдугаар сард АНУ-д болсон бөгөөд Хятадад үйлдвэрлэсэн "Ecovacs Deebot X2s" робот тоос сорогчийг худалдаж авсан хуульч Дэниел Свенсон гэртээ зурагт үзээд сууж байтал тоос сорогчоос нь радио дохиотой төстэй өвөрмөц дуу гарсан байна. Эхэндээ үүнийг программын алдаа гэж үзэн унтраагаад дахин асаахад онцгой сонин явдал болж, тоос сорогч хөдөлж, хараал зүхэл хэлж эхэлжээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Өсвөр насны хүүхдүүд тоглож наргиж байгаа мэт зүй бус үг хэллэг урсгаж эхэлсэн” гэжээ. Тоос сорогч нь байнга ариун цэврийн өрөөнд байдаг байсан бөгөөд Д.Свенсон "Тэр бидний нүцгэн байсныг харсан ч байж магадгүй юм” гэсэн байна. Ингээд тэрбээр робот тоос сорогчоо унтраан агуулахад хийгээд дахиж асаагаагүй байна. Үүнтэй төстэй явдал ар араасаа гарчээ. Яг тухайн өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод нэгэн айлын ийм загварын тоос сорогч тэжээвэр нохойг нь элдэн хөөсөн, тав хоногийн дараа Техас мужийн Эль Пасо хотод мөн загварын тоос сорогч эзнээ харааж загнасан явдал гарсан байна. Үйлдвэрлэгч компанийн нийт хэдэн тоос сорогч хакердуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад хакерууд төхөөрөмжийн камер, микрофон, хөдөлгөөнийг хянах функцийг хакердсан нь тогтоогджээ. Улмаар үйлдвэрлэгчийн техникийн баг гэмт хэрэгтний IP хаягийг илрүүлж урьчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Үйлдвэрлэгч компани "Халдлага бүгд нэг IP хаягаас ирсэн гэдгийг бид нотолсон бөгөөд энэ загварын аюулгүй байдлын шинэчлэлтийг нэн даруй хийнэ” гэжээ. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Лас Вегас хотноо болсон “Defcon Hacking Conference” чуулган дээр төхөөрөмжийн аюулгүй байдлын судлаачид Ecovacs-ын бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг Bluetooth ашиглан хакердсан, эсвэл микрофон, камер асаахад алсаас нууцаар удирдсан болохыг тогтоожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.