Дональд Трамп юуны учир “McDonald’s”-д ажиллав?
Анд нөхдийн мэдээ
2024-10-21
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп өчигдөр Пэннсилваниа дахь “McDonald’s” түргэн хоолны сүлжээний шарсан төмсний хэсэгт ажиллангаа хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн асуултад захиалгын цонхоор хариулт өгчээ. Түүний энэ үйлдэл Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис 41 жилийн өмнө оюутан байхдаа ““McDonald’s” түргэн хоолны сүлжээ зоогийн газарт ажилладаг байсан хэмээн сонгуулийн кампанит ажил явуулж буйг “Ямар ч нотлох баримтгүй худал зүйл” хэмээн үгүйсгэж байгаагийнх нь илрэл аж. Д.Трампад зоогийн газрын ажилтан хэрхэн төмс шарж, амталж, савлахыг зааж өгөхөд тэрбээр "Би гар хүрэх шаардлагагүй гэж бодож байна" гэсэн боловч төд удалгүй "Энийг хурдан, зөв хийх амаргүй" гээд хүрмээ тайлж хормогч зүүснийг сэтгүүлчид ажиглажээ. Тэрбээр тэндээс яван явтлаа хормогчтойгоо байж асуултад хариулсан байна. Тухайлбал, өчигдөр К.Харрисын 60 нас хүрсэн талаар сэтгүүлч асуухад Д.Трамп "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Камала" гээд араас нь "Түүнд цэцэг авч өгнө" хэмээн нэмж хэлжээ. Мөн цалингийн доод хэмжээг өсгөхийг дэмжих эсэхийг нь асуухад тодорхой хариулт өгөөгүй байна. К.Харрис “McDonald’s”-д ажиллаж байсан эсэх тухай 40 жилийн өмнөх ажилтны бүртгэлийг тус компани хараахан гаргаж өгөөгүй байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.