Санал асуулгад гарын үсэг зуруулаад нэг сая доллар өгөв
Анд нөхдийн мэдээ
2024-10-21
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн сурталчилгааны тэргүүн эгнээнд явж буй “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, буу зэвсэг эзэмших эрхийг дэмжсэн санал асуулгад гарын үсэг зурсан хүмүүсээс нэг хүн шалгаруулж их хэмжээний мөнгөөр урамшуулахаа мэдэгдсэн билээ. Тэрбээр Пенсильвани мужийн Харрисбург хотод болсон арга хэмжээний үеэр "Аль болох олон хүн гарын үсэг зураасай гэж би хүсч байна. Гарын үсэг зурсан хүмүүсээс санамсаргүй байдлаар сонголт хийж нэг хүнд нэг сая доллар өгнө” гэсэн юм. Санал асуулга нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон галт зэвсэг эзэмших эрхийг хуулиар баталгаажуулахыг дэмжинэ гэсэн агуулгатай ажээ. Тэрбээр Д.Трампыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан "America PAC" байгууллагаар дамжуулан гарын үсэг цуглуулсан бөгөөд үнэхээр хэлсэндээ хүрч, гарын үсэг зурсан хүмүүсийн дундаас сонгогдсон нэг хүнд нэг сая доллар өгсөн байна. Мөн тэрбээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисыг хатуу шүүмжилж, ерөнхийлөгч асан Д.Трампыг сонгуульд ялах ёстой хэмээжээ. Одоо үйлчилж буй АНУ-ын Холбооны хуулиар сонгогчдын санал худалдаж авах нь гэмт хэрэгт тооцогдох боловч гарын үсэг цуглуулсны төлөө мөнгө төлөхийг хуулиар хориглоогүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.