Хятад залуус хуримын ёслолоо хямд, цомхон хийх болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-18
Сүүлийн үеийн хятад залуус тансаг хурим хийхийн оронд франчайз ресторанд цомхон ёслол үйлдэж, хуримтлуулсан мөнгөө өөр газар хөрөнгө оруулахыг илүүд үзэх болсон тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Залуу үеийнхэн үрэлгэн, хуучинсаг зан заншлаасаа салж, энгийн цомхон ёслолыг сонгох болсныг тус сонин онцлоод Гуандун мужийн иргэн Шиао Ежи хэмээх бүсгүйн хуримын ёслолын талаар бичжээ. Тэрбээр найз залуутайгаа хуримаа хийхдээ ойр дотнын хорь орчим хүнийг “McDonald's” ресторанд урьж дарсны оронд кока кола ундаа тулган гамбургер, шарсан төмс зэргээр хооллосон бөгөөд тэднийг харсан энгийн үйлчлүүлэгчид онцгойлон баяр хүргэж байжээ. Тэд анх энэ ресторанд танилцсан бөгөөд үүндээ бэлгэшээж, бас хуримын ёслолоо хямд төсөр хийх үүднээс энэ газрыг сонгожээ. Хуримын ёслолын зардалд 2000 юань, хоолонд ердөө 800 юань зарцуулсан байна. Хэрэв хуримын ордонд орж, зочид буудал, ресторанаар үйлчлүүлсэн бол доод тал нь 100 гаруй мянган юань зарцуулах байсныг тэд хэлжээ. Тэд хурим хийхээр цуглуулсан мөнгөөрөө Грек улсыг зорьж энгийн сайхан аялал хийхээр болсон байна. Мөн Хятадын дотоодын түргэн хоолны франчайз болох “Haidilao”-д залуус олноор ирж хуримын ёслолоо хийх болсон гэнэ. Залуус ганц өдөр олны анхаарал татахын тулд асар их мөнгө зарснаас аялж зугаалах, хувьцаа авах, хөрөнгө оруулалт хийх зэргээр амьдралд хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулахыг илүүд үзэж, хүмүүст уриалах болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.