Италид ирсэн цагаачдыг анх удаа Албанид хүлээлгэн өгөв
Анд нөхдийн мэдээ
2024-10-17
Олон зуун дүрвэгч тээвэрлэсэн Италийн Тэнгисийн цэргийн хөлөг онгоц өчигдөр Албанийн баруун хойд нутгийн Шэнжин боомтод нэвтэрсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Итали, Албани улсын хооронд байгуулсан цагаачлалын гэрээний дагуу Албанийн цагаачдын төвд албан ёсоор шилжүүлэн өгч буй анхны цагаачид юм. Эдгээр цагаачид орогнол хүссэн шалтгаанаа Италийн шүүхэд цахимаар тайлбарлах бөгөөд хариу ирэх хүртэл тус төвд хүлээнэ. Хэрэв орогнол хүссэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзвал эх оронд нь буцаах ёстой ажээ. Хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа “Amnesty International“ байгууллага орогнол хүсэгчдийн эрхийг гуравдагч орнуудад хангалттай хамгаалж чадах эсэх талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд мөн олон улсын хуулийг зөрчиж байна гэсэн шүүмжлэл ч гарсан байна. Харин Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони парламентад үг хэлэхдээ энэ шүүмжлэлийг үгүйсгэжээ. AFP агентлагийн мэдээлснээр энэ нь Европт гуравдагч улс руу цагаачлал зуучилсан анхны тохиолдол бөгөөд Европын бусад орнууд ч Италийн бодлогыг анхааралтай ажиглаж байна. 2022 оны аравдугаар сард засгийн эрхэнд гарсан Ж.Мелони өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Албанийн Ерөнхий сайд Эди Раматай цагаачдыг хүлээж авах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тэд Албани улсад цагаачдын төв байгуулахаар аутсорсингийн гэрээ хийн Италийн усан хил дээр ирсэн хууль бус цагаачдыг тус улсад хөл тавихаас өмнө цагаачлалын төвд байрлуулан, орогнол хүссэн өргөдлийг хянан үзэж оршин суух эрх олгохоор болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.