images

АНУ: Гоолиг туранхай нөлөөлөгч бүсгүй хүүхдийн хувцас өмсдөг болохоо мэдэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-10


   “ТикТок” сүлжээнд 670 мянга гаруй дагагчтай Америкийн нөлөөлөгч 22 настай Лив Шмидт хэмээх бүсгүйг олон нийтийн сүлжээний журам зөрчсөн гэх үндэслэлээр хаягийг нь хаасан байна. “New York Times” сонины мэдээлснээр Л.Шмидт гоолиг бие галбираараа цахим сүлжээнд алдаршиж, хоолны дэглэм барих тухай дүрс бичлэг болон гэрэл зураг олноор нийтэлсэн бөгөөд эдгээр мэдээлэл нь ихэнхдээ зөвхөн уургийн коктейль, электролитийн ундаа зэргээс бүрдсэн, илчлэг багатай, эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг сурталчилсан дэглэм байсан тул хүмүүст сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж цахим хаягийг нь хаасан байна. “ТикТок”-ийн албаны хүн "Олон нийтийн сүлжээний журмыг зөрчсөн тул түүний хаягийг хаасан" хэмээн мэдэгджээ. “TikTok” нь эрүүл мэндэд хортой хоолны дэглэм, мөн жин хасах эрсдэлтэй аргыг сурталчилсан контентыг хориглодог аж. Тухайн үед Л.Шмидт “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би гоолиг биетэй байхыг бүхнээс илүүд үздэг тул үүнд буруудах зүйл байхгүй" гэж ярьжээ. Харин саяхан тэрбээр дахин шинэ хаяг нээж өөрийн гоолиг бие галбираа бахархалтайгаар харуулан, улмаар таргалалтын асуудлыг хөндсөн контент хийж олны талархал хүлээсээр байна. Мөн түүнээс гадна гоолиг туранхай биетэй байхын давуу талыг сурталчилж, өндөр үнэтэй хувцас худалдан авч мөнгөө үрэхийн оронд хүүхдийн хувцас хямдхан авч өмсдөг болохоо мэдэгдэн "Шилдэг загвар зохион бүтээгчдийн урласан хүүхдийн хувцас нь 1000 долларын үнэтэй цамцнаас хамаагүй дээр байдаг" гэжээ. Цахим сүлжээнд түүнийг дагагчид өдрөөс өдөрт нэмэгдэж, биеийн жингээ барих, гоолиг туранхай байх талаар зөвлөгөө хүссээр байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.