images

Япон: Хилс хэрэгт цаазын ял авч 48 жил хоригдсон хүнийг цагаатгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-09


   1966 онд нэг гэр бүлийн дөрвөн хүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазын ял авч, улмаар 48 жил шоронд суусан Японы иргэн, мэргэжлийн боксчин асан Ивао Хакамадаг уг хэрэгт буруугүй хэмээн үзэж цагаатгасан тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. Тус улсын ерөнхий прокурор Наоми Үнемото эдүгээ 88 настай И.Хакамадаг цагаатгасан шийдвэрт эсэргүүцэл бичихгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Олон жилийн турш түүний эрх зүйн байдал маш хүнд байдалд байсан. Үүний төлөө уучлал гуймаар байна” гэжээ. Энэ явдал тус улсад Дэлхийн II дайнаас хойш цаазын ялтай хоригдлыг дахин шүүж, гэм буруугүй хэмээн үзсэн тав дахь тохиолдол болж байна. Өмнөх дөрвөн хэрэгт прокурор мөн эсэргүүцэл бичээгүй ажээ. Энэ талаар “Kyodo News” агентлаг "Жинхэнэ эрх чөлөөний төлөөх урт удаан хугацааны тэмцэл дууслаа" хэмээн онцолжээ. И.Хакамадаг гэм буруугүй гэдгийг тогтоосны дараа Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна. Тухайлбал “Kyodo News болон Asahi Shimbun” сонин ерөнхий редакторынхаа нэрээр "Бид ноён И.Хакамадаг үргэлж буруутай гэж мэдээлсээр ирсэн. Үүндээ өөрөөс нь болон түүний гэр бүл, холбогдох хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэж мэдэгджээ. И.Хакамада 1966 онд үйлдвэрт ажиллаж байхдаа нэг айлын дөрвөн хүнийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Шүүх хурлын үеэр тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн ч 1980 онд Дээд шүүх түүнд цаазаар авах ял оноосон байна. Харин Шизүока дүүргийн шүүх 2014 онд хэргийг дахин хянаж үзээд, нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. И.Хакамада 2010 онд тэрбээр дэлхийн хамгийн удаан хоригдсон цаазын ялтай хоригдол гэсэн тодотголтойгоор Гиннесийн амжилтын номонд бичигджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.