images

 Уотергейтийн хэргийг илчилсэн сэтгүүлч “Дайн” нэртэй шинэ ном гаргана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-09


   1972 онд дуулиант Уотергейтийн хэргийг олонд ил болгож байсан сэтгүүлч Боб Вүдворд Орос, Украины дайн, Израиль, ХАМАС-ын мөргөлдөөн, үүнд үзүүлж буй АНУ-ын ерөнхийлөгч нарын хариу арга хэмжээ зэрэг дэлхийн улс төрийн халуун сэдвийг агуулсан ном бичсэнээ хэвлүүлэхээр зэхэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсоныг огцроход хүргэсэн энэ хэргийг мэдээлж алдаршсан сэтгүүлч 50 гаруй жилийн дараа ийнхүү дахин дуулиан тарьж эхлэв. Пулитцерийн шагналыг хоёр удаа хүртсэн тэрбээр Р.Никсоноос эхлээд Дональд Трамп хүртэлх АНУ-ын есөн ерөнхийлөгчтэй нүүр тулан уулзаж ярилцаж байжээ. Эдүгээ 81 настай ч бичиж туурвисаар байгаа түүнийг "Ерөнхийлөгчийн түүхч" гэж нэрлэдэг. “The Washington Post” сонин энэ сарын 15-нд хэвлэлтээс гарах түүний “Дайн” нэртэй номоос эш татан мэдээлснээс үзвэл ерөнхийлөгч асан Дональд Трамп 2020 онд төрийн эрх барьж байхдаа COVID 19 цар тахлын оношлуурыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд нууцаар илгээж байсан аж. Тухайн үед коронавирус дэлхий даяар тархаж, зөвхөн АНУ-д төдийгүй дэлхий даяар оношлуур хомс байсан тэр үед дайсагнагч орны удирдагч руу нууцаар илгээсний үр дагаварт санаа зовсон В.Путин Д.Трампад хандан "Сайн нууцлаарай" хэмээн зөвлөж байсан тухай дээрх номд бичжээ. Түүнээс гадна Д.Трамп албан тушаалаасаа буусны дараа ч В.Путинтэй долоон удаа утсаар ярьж, дотно харилцаагаа хадгалсаар байсан гэнэ. Харин үүнтэй холбоотой мэдээлэл хэвлэлд гарахад Д.Трамп мэдэгдэл хийж үгүйсгэсэн ч коронавирусын оношлуур В.Путинд илгээсэн тухай, мөн В.Путинтэй утсаар ярьж байсан тухай мэдээлэлд тодорхой хариу өгөөгүй байна.  

   1972 онд АНУ-ын Бүгд найрамдах намын нэр дэвшигч Р.Никсоны баг "Уотергейт" зочид буудалд байрлаж байсан Ардчилсан намын төв байр руу нууцаар нэвтэрч, тэдний утсыг хууль бусаар чагнан, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдмунд Маски, Жорж Макговерн нарын оффисын утсыг чагнаж, худал цуурхал тараах нууц баг байгуулж байсан асуудлыг сэтгүүлч Б.Вүдворд олонд дэлгэснээр ерөнхийлөгч Р.Никсон 1974 онд хугацаанаасаа өмнө огцорсон юм. Үүний дараа Б.Вүдворд сэтгүүлзүйн Пулитцерийн шагнал хүртсэн билээ. Тэрбээр эдүгээ 80 гаруй насандаа “The Washington Post” сонины ахлах редактороор ажиллаж байна. Уотергейтийн хэргийг сурвалжилсан үйл явцын тухай "Ерөнхийлөгчийн хүмүүс" (1974) номоос эхлэн тэрбээр нийт 23 ном бичсэний сүүлийнх нь "Дайн" ном болж байна. Б.Вүдворд 2018 оны Олон улсын хэвлэл мэдээллийн Холбооны (INMA) их хурал дээр хэлсэн үгэндээ "Мэдээлэл олж авахын амин судас нь онлайн эсвэл утсаар хийсэн бус нүүр тулсан ярилцлагад оршдог" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.