images

Монгол цэргийн бүжигчдийн анхны дурсгалын хөшөөг босгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-03


    Монгол цэргийн бүжигчдийн анхны хөшөөг ахмад дайчин, бүжигчин Хорлоогийн Ёндон болон түүний мэргэжил нэгт гэргий Цэрэнпилийн Цэнд агсны дурсгалд зориулан үр хүүхдүүд нь босгожээ. Офицеруудын ордны өмнөх ногоон цэцэрлэгт байх тус хөшөөг уран барималч Б.Нямдорж бүтээсэн байна. Тэрбээр хөшөөний эх загварыг гаргахын тулд Цэргийн чуулгын бүжигчдийн "Аягат" бүжгээс 200 гаруй тавилт бүхий зураг авсанаас энэхүү загварыг гаргажээ. Мөн нүүрэн хэсэгт нь Чөлөөлөх дайны өдрүүдэд Цэргийн ансамблийн уран бүтээлчдийн Долоннуур хүртэл аялан тоглолт хийсэн замын зургийг товойлгон сийлсэн ажээ. Х.Ёндон нь 1945 оны чөлөөлөх дайнд Цэргийн дуу бүжгийн ансамблийг удирдаж явсан ахмад дипломатч, дэд хурандаа цолтой нэгэн бөгөөд 300 бүжигчин цуглуулж тоглолт хийн "Дайчин алдар" чуулгыг байгуулж байсныг өнгөрөгч амралтын өдөр болсон хөшөөний нээлтийн үеэр хамт уран бүтээл туурвиж явсан УГЗ Ш.Гунаажав дурссан байна. Түүнчлэн хөшөөний нээлтийн туузыг хайчилсны дараа дэд хурандаа Х.Ёндонгийн аж амьдралын тухай өгүүлсэн баримтат кино, номын нээлт Зэвсэгт хүчний Соёлын төв өргөөний танхимд болсныг армийн “Соёмбо” сонины редакциас мэдээлжээ. Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож буй бөгөөд үр хүүхдүүд нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийг шинэчлэн засварлаж, тохижуулснаас гадна "Монгол бүжгийн гайхамшиг" бүжгийн уралдааныг 2017 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж иржээ.

Гэрэл зургийг: "Соёмбо" редакцийн цахим хуудаснаас

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.