Төрийн ордонд зөвлөлдөхөөр 800 иргэн цуглав
Чихэнд чимэгтэй
2023-02-14
"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилго бүхий энэ санал асуулгад оролцох иргэдийг Үндэсний статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан байна. Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар мөн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан. Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон дээрх иргэдээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг сонгосон бөгөөд 800 гаруй иргэн Төрийн ордонд болж буй зөвлөлдөх уулзалтад оролцож байна. Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ "Та бүхний дотор малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөлөл байна. Энэ бол улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш, нийт ард түмнийг төлөөлөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.