Нобелийн энх тайвны шагналд хэн хэн нэр дэвшив?
Анд нөхдийн мэдээ
2023-02-01
Энэ жил Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн хүмүүсийн ихэнх нь өнгөрсөн жилийнх шиг Украины дайнтай ямар нэг хэмжээгээр холбоотой байгаа тухай FP агентлаг мэдээлэв. Норвегийн Осло хот дахь Нобелийн хороо тус шагналд нэр дэвшүүлэх ажиллагааг өнөөдрөөр дуусгавар болгосон байна. Тус шагналд нэр дэвшүүлэх эрх бүхий субъектууд нь шагнал хүртэж байсан хүмүүс, дэлхийн улс орнуудын парламентын болон засгийн газрын гишүүд, зарим их сургуулийн профессорууд байдаг. Өнгөрсөн жил буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд буюу оросууд Украин руу дайрсны дараахан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нарыг Норвегийн парламентын гишүүн Кристиан Тюбринжеде тус шагналд нэр дэвшүүлсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилснийхээ төлөө шоронд хоригдож, зэм шийтгэл амсаад буй Оросын тэрс үзэлтнүүд ч мөн нэр дэвшиж байв.Энэ жилийн тухайд ОХУ-ын сөрөг хүчний удирдагч асан, хуульч Алексей Навальный, мөн сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Владимир Карамурза нар нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ. В.Карамурзаг Норвегийн парламентын гишүүн Ингер Шоу нэр дэвшүүлсэн байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоганыг Украины хямралыг зохицуулахын төлөө "цуцашгүй" хүчин чармайлт гаргасан хэмээн Пакистаны сенатч мөн тус шагналд нэр дэвшүүлжээ. Унгарын Гадаад хэргийн сайд өчигдөр олон нийтийн сүлжээгээр Эрдоганд Нобелийн энх тайвны шагнал хүртээхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
Нөгөө талаар 2021, 2022 онд дараалан Путиныг шүүмжилсэн хүмүүс, байгууллага энэ шагналын эзнээр тодорсон тул 2023 онд тус шагналыг Украиныг өмөөрч Путиныг эсэргүүцдэг хүмүүст олгох магадлал бага гэх яриа ч гарчээ. Өнгөрсөн жил Украины “Эрх чөлөө” төв, Оросын иргэний нийгэмлэг болох "Мемориал" болон Беларусийн хүний эрхийн төлөө тэмцэгч Алесь Беляцкий нар тус шагналыг хүртсэн юм. 2021 онд Оросын сэтгүүлч Дмитрий Муратов болон Филиппиний сэтгүүлч Мария Лесса нар уг шагналыг хүртэж байжээ. Энэ жил Украин, Оросын дайнтай шууд холбоогүйгээр тус шагналд нэр дэвшиж буй хүмүүсийн дунд дэлхийн дулаарлын үр нөлөөг шүүмжлэгч Шведийн Грета Тунберг, Угандын Ванесса Накате нар багтжээ. Энэ хоёр хүнийг Норвегийн Ногоон намаас дэвшиж сонгогдсон парламентын гишүүн Ранмари Берг нэр дэвшүүлсэн байна. Ослогийн энх тайвны хүрээлэнгийн захирал Хенрик Урдал FP агентлагт өгсөн ярилцлагадаа "Норвегийн Нобелийн хороо гурван жил дараалан Орос руу чиглэсэн шагналуудыг олгох нь юу л бол" гээд, хэтэрхий европ төвт хандлагаас зайлсхийх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.