images

Дэлхийн цөмийн эргэлт удааширсныг эрдэмтэд тогтоожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-25


     Судалгаанаас үзэхэд 2009 оноос хойш дэлхийн дотоод цөмийн эргэлтийн хурд харьцуулахад удааширсан байна. Хятадын Бээжингийн их сургуулийн профессор Сүн Шяодунаар ахлуулсан баг хийсэн судалгаан дээрээ үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн бөгөөд энэ тухайгаа олон улсын Nature Geoscience сэтгүүлд нийтэлжээ. Дэлхийн дотоод хэсэг нь царцдас, манти, цөм гэсэн гурван хэсэгт хуваагддаг бөгөөд тэдгээрээс цөм нь гадна цөм, дотоод цөмөөс бүрддэг ажээ. Дотоод цөм нь төмрөөр бүтсэн хатуу масс бөгөөд түүнээс ялгарах энерги нь гадна цөмд нөлөөлж соронзон орон үүсгэдэг гэж шинжлэх ухаан үздэг байна. Өмнө нь 1996 онд профессор Сүн дэлхийн дотоод цөм бусад бүтцээсээ арай хурдан эргэдэг гэсэн таамаглалыг анх дэвшүүлж байжээ. Энэ удаагийн судалгаагаар 1960-аад оны сүүлч 1970-аад оны эхээр дотоод цөмийн эргэлтийн хурд нэг удаа удааширч, 70 жил тутамд хурд нь нэмэгдэх, удаашрах үзэгдэл давтагддаг гэсэн шинэ таамаглал дэвшүүлсэн байна. “Washington Post” сонины мэдээлснээр дэлхийн дотоод цөм нь дэлхийн гадаргаас 5000 км-ийн гүнд оршдог тул үүнийг төсөөлөх бараг боломжгүй боловч эргэлтийн хурдыг газар хөдлөлтийн долгионоор тодорхой хэмжээгээр дүгнэж болдог ажээ. Судалгааны багийнхан газар хөдлөлтийн бүсээс дэлхийн нөгөө талд байрлах мэдрэгч рүү шилжиж буй газар хөдлөлтийн долгионд дүн шинжилгээ хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Эх сурвалж. Yonhap news агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.